Өмнөд Солонгосын засгийн газар хувийн сургуулиудын давуу байдлыг арилгах арга хэмжээ авах болсноо зарлав

Өмнөд Солонгосын засгийн газар өчигдөр буюу Даваа гарагт өндөр төлбөртэй хувийн сургуулиудын давуу байдлыг арилгаж, иргэдийнхээ боловсрол олж авах зардлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх болсноо зарлажээ.

Тус улсын хүн амын өсөлт удааширч, төрөлт буурсны нэг гол шалтгааныг боловсролын өндөр зардалтай холбон тайлбарладаг.

Саяхан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл коллежийн элсэлтийн шалгалтад улсын сургуульд заадаггүй сэдвээр хүнд хэцүү даалгавар оруулдаг байдлыг хатуу шүүмжилсэн юм.

“Алуурчин даалгавар” гэж нэрлэдэг ийм даалгавруудад зөвхөн хувийн өндөр төлбөртэй сургуулийн сурагчид сайн бэлддэг тул боловсролын өрсөлдөөнд тэгш бус байдлыг үүсгэж байжээ.

“Элсэлтийн шалгалтын үеэр сурагчид болон эцэг эхчүүдийн дунд хэт өрсөлдөөнийг үүсгэдэг алуурчин даалгаврын практикийг бид таслан зогсоох болно” боловсролын сайд И Жү Хо өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Тэр бас ийм тэгш бус өрсөлдөөнийг хөөргөн дэвэргэдэг хувийн сургуулиудын “мафи”-ийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа амлажээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүд хувийн сургуулийн бизнес эрхлэгчид тус улсын боловсролын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдаж, шалгалтын сэдвийг өөрийн сургалтын хөтөлбөртэй уялдуулдаг байж болзошгүй тухай баримтыг мэдээлэх болсон юм.

Өнгөрсөн онд тус улсын иргэд хувийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөрт нийтдээ 26 их наяд вон ($19.97 тэрбум) зарцуулсан гэсэн баримт бий.

Сурагч хүүхдүүдийн тоо буурсан ч энэ хэмжээ буураагүй, өссөн юм байна.

Өмнөд Солонгосын арван хүүхэд тутмын найм нь хувийн сургуульд сурдаг гэсэн бас нэг тоо бий.

Хувийн хэвшлээс хэт их хамааралтай боловсролын систем нь өнгөрсөн онд тус улсыг хүүхэд өсгөх зардлаар дэлхийд тэргүүлэхэд хүргэснийг нэгэн судалгаа харуулж байсан юм.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгост 450,000 орчим хүүхэд элсэлтийн шалгалт өгч байв. Энэ үеэр шалгуулагч хүүхдүүдэд саад болохгүйн тулд онгоцны нислэгүүдийг түр зогсоох, байгууллагуудын ажлын хуваарийг өөрчлөх зэрэг арга хэмжээ авдаг юм.

Өчигдөр засгийн газрын шийдвэрийг зарласны дараа Сөүлийн хөрөнгийн бирж дээр хувийн боловсролын байгууллагуудын хувьцааны ханш унасан байна. Тухайлбал Woongjin Thinking компанийн хувьцаа 1.44 хувь, MegaStudyEdu компанийн хувьцаа 2.11 хувийн уналттай арилжааг хаажээ.

 

Эх сурвалж: Reuters


Өмнөд Солонгосын засгийн газар хувийн сургуулиудын давуу байдлыг арилгах арга хэмжээ авах болсноо зарлав
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ