Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”-д зааснаар яллагдагчаар татагдсан 260 хүнд холдогдох 182 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан 20 хүнд холбогдох 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд 7 хүнд холбогдох 5 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүллээ. Шүүхээс 5 хүнд 1-9 жилийн хугацаагаар хорих ял, 2 хүнд 1-ээс 1 жил, 353 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. 

Хэргийн талаар тоймлон хүргэвэл:

- Т.Х нь 2025 оны 2 дугаар сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol)-ын агууламжтай, 4 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар мөн өдрөө орон байранд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Т.Х-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан,  хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар оршин суух нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 353 хоногийг нэмж, нийт хугацааг 1 жил, 353 хоногоор тогтоож шийдвэрлэсэн.

- А.Б нь 2025 оны 11 дүгээр сард Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 1,260.2 грамм цэвэр жинтэй, дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай, олсны ургамал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн,  улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд орон байранд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.Б- хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

- Р.А нь 2026 оны 4 дүгээр сарын 06-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай, 30.2 грамм жинтэй олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд орон байранд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Р.А-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

- С.Б, Р.М нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Турк улсаас "мөс" гэх хэрэглээний нэршилтэй, метамфетамины (methamphetamine)  агууламжтай, 44.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаар дамжуулан захиалж, худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд амины орон сууцанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс С.Б, Р.М нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус 4 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

- У.А нь Бүгд Найрамдах Турк Улсад байхдаа “мөс” гэх хэрэглээний нэршилтэй метамфетамины (мethamphetamine)-ийн агууламжтай, 31 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын иргэдэд худалдан борлуулж, 2024  оны 10 дугаар сарын 18 болон 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан;

Г.А нь У.А-ийн дээрх гэмт хэрэгт нь дэмжлэг үзүүлж хамтран оролцсон, мөн дангаараа 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “мөс” гэх хэрэглээний нэршилтэй метамфетамин (мethamphetamine) болон фентермин (phentermine)-ийн агууламжтай, 0.4 грамм жинтэй хориглосон сэтгэцэд бодисыг хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс У.А, Г.А нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн, мөн нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, У.А-д нийт 8 жилийн хугацаагаар хорих ял, Г.А-д нийт 9 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулж шийдвэрлэсэн байна.

Иргэн таны эрх зүйн мэдлэгт :

Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, хадгалахыг Эрүүгийн хуулиар хориглодог.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг.


Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ