Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЗАРИМ ТӨРЛИЙН МЭС ЗАСЛЫГ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл, нян судлалын шинжилгээний бүрэн автомат анализатор, нярайн шарлагын аппарат болон бусад эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг гардуулан өгч, суурилууллаа. Нийт 664.8 сая төгрөгийн үнэ бүхий дээрх тоног төхөөрөмжийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүлээлгэн өгсөн юм.

Хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдлийг суурилуулснаар өмнө нь Орхон аймаг болон Улаанбаатар хотыг зорьж хийлгэдэг байсан зарим төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээг орон нутагт үзүүлэх боломж бүрдлээ. Тухайлбал, хэвлийн хөндийн болон эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг аймагтаа хийх нөхцөл бүрдсэнээр иргэдэд үзүүлэх мэс заслын тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх ач холбогдолтой юм.

 Мөн нян судлалын шинжилгээний бүрэн автомат анализаторыг ашиглалтад оруулснаар лабораторийн оношилгооны чадавх нэмэгдэж байна. Уг төхөөрөмж нь уламжлалт гар аргын шинжилгээтэй харьцуулахад шинжилгээний хугацааг богиносгох, оношилгооны нарийвчлалыг дээшлүүлэх, хүний гараас шалтгаалах алдааны эрсдэлийг бууруулах давуу талтай. Түүнчлэн, бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтийг илүү нарийвчлалтай тодорхойлох, лабораторийн ажлын ачаалал болон халдварын эрсдэлийг бууруулах боломж бүрдэж байна.

Ийнхүү орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулснаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавх нэмэгдэж, иргэдэд оношилгоо, эмчилгээг орон нутагт нь шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөл сайжирч байна.


Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ