Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна

Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумын төвд сүүлийн долоо хоногт баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгдэж, иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцлээ. Тухайлбал, сүүлийн үед зэрлэг амьтад идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдэж байна. Сүүлийн долоо хоногт Орхон, Хонгор, Шарын гол сумын төвд баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгджээ. Өмнө нь баавгай малчны хот, малын бэлчээрт ойртсон тухай мэдээлэл мэргэжлийн байгууллагад ирдэг байсан бол сүүлийн үед сумын төв, гудамж талбай, айлын хашаанд орж ирэх болсон нь иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөл үүсгэж байгааг сумдын Засаг дарга нар мэдээллээ. Үүнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор баавгай үргээх зориулалтын буу, цацлага худалдан авахаар шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, одоо мөрдөж буй хуулиар баавгай хүний аминд шууд аюул учруулсан тохиолдлоос бусад үед буудах, хороох зохицуулалтгүй. Иймд баавгайтай таарсан тохиолдолд өөрсдөө устгах оролдлого хийхгүй, мэргэжлийн байгууллагад мэдэгдэхийг анхаарууллаа. Мөн малчид малын хашаа, хотыг цэвэр байлгаж, сэг зэмийг ил задгай орхихгүй байх, иргэд амралт, зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг аймгийн Байгаль орчны газраас зөвлөв.

Аймгийн хэмжээнд 200-250 орчим баавгай байх магадлалтай гэсэн тооцоо байгаа ч нарийвчилсан тооллого хийгээгүй байна. Байгаль орчны газраас 2023-2025 онд биологийн төрөл зүйлтэй холбоотой судалгаа хийж, баавгайн тоо толгойг шууд тоолж тогтоох боломжгүй тул мөр, ялгадас, хэвтэр зэрэг шинж тэмдэгт үндэслэн шинжлэх ухааны аргаар судалж, тоо хэмжээг нь тогтоодог байна. Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг баавгайн дуудлага их бүртгэгддэг аймагт нарийвчилсан тооллого хийхээр төлөвлөжээ. Мөн аймгийн Байгаль орчны газраас харьяалах яаманд баавгай агнах зөвшөөрөл хүссэн байна. Учир нь аймгийн музейд хадгалагдаж буй ан амьтдын үзмэрийн чанар муудсан тул шинээр ашиглалтад орох музейн барилгад байрлуулах үзмэр бэлтгэх шаардлагатай байгаа аж.

 

Зөвшөөрөл олговол мэргэжлийн байгууллага ан агнуурыг зохион байгуулж, баавгайг музейн зориулалтын үзмэр болгон бэлтгэх юм.

 

 


Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ