Хардалт ба стрессээс түрэмгийлэл ба хүчирхийлэл

Бид нар бүгд л стресстэй, асуудалтай. Иргэдийн сэтгэл зүй бол манай улсад тулгамдаж байгаа асуудал. Архи дарс шийдэл биш. Эрүүл саруул ухаантай хүн алга. Байнга ингэж ярьдаг ч энэ нь бидний өдөр тутмын амьдралд  энгийн нэг асуудал  байхаа больжээ. Хүн харахын эцэсгүй аймшигтай хүчирхийлэл үйлдсэн мэдээ, бичлэг зураг ойрд их тарах боллоо. Ерөнхий сайд нь хүртэл яргачингуудыг яаралтай, шударгаар шүүхийг үүрэг болгож байна. Тамирчин залуучуудынхаа амжилтад хөөрч баярлахын хажууд харамсаж халагламаар хар бараан мэдээ. Ёстой л сэтгэл хөдлөл галзуу хулгана дээр суучихсан юм шиг хэдэн өдөр өнгөрлөө.

Түрэмгийлэл хүчирхийллийн шинжтэй тэдгээр хэргүүдийн шалтгаанууд янз бүр. Архи дарс магадгүй мансууруулах бодис байж болох бөгөөд тус хэргүүдийн хамгийн ойлгомжтой нь хардалт. Бүгдийнх нь ард сэтгэл зүйн асуудлууд. Ойлгомжтойгоор нь хардалтыг авч үзье. Хардалт бол өвчин. Мэдээж үнэн. Отеллогийн синдром буюу хардах эмгэг өмчирхөх болон хийрхэх гэсэн 2 клиник төрөлд хувааж авч үздэг.

Өмчирхөж хардах нь улигт бодол албадмал үйлийн эмгэгийн (OCD) нэг дэд төрөл болдог байх нь. Энэ эмгэгийг зүгээр л цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байх гээд ойлгосон байх нь олонтоо. Гэвч давтамжтай албадмал үйл, санаа бодлоос гарахгүй улигт бодолд автаж түүнээсээ ихээхэн шаналдаг. Яг л энэ албадмал үйл, улигт бодол бүхэл бүтэн амьд хүнийг хяналтдаа бүрэн байлгахыг хүсэх аймшигт хардалтад хүргэчихдэг байна. 

Харин хийрхэж хардах гэдэг нь шалтгаан, баримт зэрэг байхгүй өөрийнхөө толгойд араар тавилт, хууралтыг зохиож бодох түүндээ итгэх явдал юм. Хийрхэх эмгэгийн дэд төрөлд орно гэсэн үг. “Манай хүн намайг санаанаасаа хардаад ер болохгүй юм.” гэж ярих хэн нэгэнтэй таарч байсан бол хийрхэх хардалтын бодит жишээтэй таарчээ гэсэн үг болох нь.

Ийм цогц сэтгэцийн эмгэг сэтгэл зүйн болон эмийн эмчилгээг хослуулах шаардлага гардаг. Сэтгэл зүйчтэй уулзахад цаг, мөнгө нь хүмүүст асуудал болчихдог. Эсвэл би эрүүл хүн учраас шаардлагагүй гэж бодох нь ч бий. Тэр тусмаа эрчүүдийн хувьд “шалчигнахгүй” гэж өөрийн бодол асуудлуудаа тоохгүй өнгөрөөж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ түүндээ автаж орхидог.  Харилцааг тодорхойлох зүйл нь хардалт болж даамжраад ирэхээр сэтгэл зүйн болон бие махбодын хүчирхийлэл үйлдэж эхэлдэг. Ийм үед хохирогчийн авч болох арга хэмжээ гэвэл хүчирхийлэгчээс өөрийгөө болон үр хүүхдээ тусгаарлах л байдаг нь харамсалтай. Эрүүл хүн үйлдэх нь бүү хэл үзэж чадахгүй сэрдхийлгэм үйлдлийг гаргаж буй хүмүүсийн цаад шалтгаан ч гэсэн сэтгэл зүйн асуудал гэж үзэх хүн олон байна. Стрессийн гормон өсөх тусам түрэмгий зан нэмэгдэж, түрэмгий авир гаргах тусам стрессийн гормон өсдөг тойрог нь хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг буурахгүй байх шалтгаан болж буй талаарх зан төлвийн болон биологийн судалгаа олон хийгдэж байна. Стресс нь сэтгэл хөдлөлийг түргэсгэж хариу үйлдлийг илүү идэвхтэй болгож өгснөөр уур уцаараа барьж чадахгүйд хүргэнэ. Хувийн харилцаа, ажлын дарамт, нийгмийн асуудал гээд стресс үүсгэх олон хүчин зүйл хүн бүрд байна. Харин зарим хүмүүст стрессээ тайлах ганц арга байдаг нь согтууруулах ундаа.

Согтууруулах ундаа нь хүний мэдээллийг боловсруулах шийдвэр гаргах түвшинд нөлөөлж түрэмгий занг хүчирхийлэл үйлдэхэд хүргэчихдэг. Хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн 40 гаруй хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үед үйлдэгддэг байна. Согтууруулах ундаа тархины үйл ажиллагааг удаашруулж хэсэг хугацаанд стресс тайлж буй мэдрэмжийг өгдөг байж болох юм. Гэвч хамааралд оруулж улам их стресс түүнээс ч ноцтой сэтгэл зүйн асуудал руу хөтөлдөг. Дасгал хөдөлгөөн, нойр хоолоо сайн авах, байгальд цагийг өнгөрөөх, итгэл даах хүмүүстэйгээ илэн далангүй ярилцах, өөрийн гэсэн сонирхол хоббитой байх гээд стрессийг зохицуулж болох арга олон байдаг талаар мэргэжлийн хүмүүс зөвлөдөг.

Хэрэв бид хайр, халамжаар халхавч хийж бусдыг хянах гэж оролдож, бухимдлаа хүчирхийллээр тайлдаг хэвээр байх юм бол энэ нийгэмд хүчирхийлэл тасрахгүй. Харин өөрийгөө ойлгож, уур хилэнгээ удирдаж сурах нь өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн том алхам юм. Бусдыг хайрлахын тулд бид эхлээд өөрсдийгөө хайрлаж, өөрсдийгөө хянаж сурах нь зүй ёсны хэрэг биз ээ.

 

 


Хардалт ба стрессээс түрэмгийлэл ба хүчирхийлэл
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ