Дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ

Дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өссөн байна. Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дуу болон дүрс бичлэг хийх нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Иргэн бүр өөрийн дүр төрх, дуу хоолой, хувийн нууцаа хамгаалуулах эрхтэй. Тиймээс тухайн хүний зөвшөөрөлгүйгээр зураг, бичлэг хийж, түгээхийг хуулиар хориглодог.

“Зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдсэн “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийх” зөрчлийг сүүлийн хоёр жилийн байдлаар судлахад нийт 53 зөрчилд шийтгэл оногдуулсан байна.

Үүнээс 2025 онд 26 зөрчил буюу 24 хүн, хоёр хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан бол 2026 оны эхний есөн сарын байдлаар 27 зөрчил буюу 21 хүн, зургаан хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн 78 хувь нь нийслэлд, 22 хувь нь орон нутагт гарсан байна.

Энэ төрлийн зөрчлөөс “Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, эсхүл хуулбарлаж өгсөн” зөрчил 2025 онд тав, 2026 оны есөн сарын байдлаар 10 болж өсжээ. “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн” зөрчил 2025 онд 11, 2026 оны есөн сарын байдлаар 17 үйлдэгдэж 54 хувиар өсжээ. 


Дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ