Автобусны хүртээмжийг сайжруулж чадахгүй ч багтаамжаа хэтрүүлэхийг уриалж байна

Өвлийн улирал хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд иргэдийн нийтийн тээврээр зорчих ачаалал нэмэгдэж байна. Ажилдаа явах, харих цагаар автобусны буудал дээр урт дараалал үүсэж, ирсэн автобусанд суухын тулд иргэд шахцалдан зорчих нь нийслэлийн өдөр тутмын дүр зураг болоод удаж буй.

Зуны улиралд иргэдийн зарим нь алхах, дугуй унах зэрэг өөр боломжит хэлбэрийг сонгодог. Харин хүйтний улирал эхлэхэд нийтийн тээвэр олон хүний хувьд зайлшгүй хэрэгцээ болдог. Тиймээс энэ үед автобусны хүртээмж, хүрэлцээ, зорчигчдын тав тух, аюулгүй байдалд тавигдах шаардлага улам нэмэгдэх нь зүйн хэрэг.

Гэтэл иргэдийн хүлээж буй шийдэл нь автобусны тоог нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах байтал Нийтийн тээврийн бодлогын газраас “Өөрөө л орсон бол бусад нь хамаагүй юу”, “Нэг ч гэсэн хүнийг багтаая гэсэн чин хүсэлтэй байгаарай”, “Түгжрэлээс үүдэн автобусны ирэх цаг хойшилж буйг та мэдэж байгаа” гэх агуулгатай уриалгыг нийтэлжээ.

Түүнчлэн төрийн байгууллагын албан ёсны мэдээлэл, сурталчилгаанд ашигласан зураг, постерын чанар, агуулга ч анхаарах асуудлын нэг. Тус байгууллагын нийтэлсэн постерийг хиймэл оюун ухаан ашиглан бэлтгэсэн гэх шүүмжлэл иргэдийн дунд гарч байгаа юм.

Иргэдээс илүү их тэвчээр, илүү их шахцалдаан шаардахаас өмнө нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, автобусны тоо, чиглэлийн давтамж, түгжрэлийн үед авах арга хэмжээнийхээ талаар бодит шийдэл танилцуулах нь зүйтэй. Учир нь иргэдийн хүсэж байгаа зүйл нь автобусанд “багтах” биш, харин нийтийн тээврээр аюулгүй, хүртээмжтэй, хэвийн зорчих боломж юм.


Автобусны хүртээмжийг сайжруулж чадахгүй ч багтаамжаа хэтрүүлэхийг уриалж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ