“ЛААГАА НӨӨЦЛӨХ ҮҮ, ГЭРЛЭЭ АСААХ УУ” цуврал нийтлэл

“Хувьчлалын тухай”

 

Засгийн Газрын 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 29 дүгээр тэмдэглэлд “УБЦТС” ТӨХК-ийн Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв /ХҮТ/-ийн чиг үүргийг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан 1] гэж дурдагджээ.

Энэ мэдээтэй холбоотой, Монгол улсад анх хувьчлал явагдах үед оролцож байсан мэргэжилтний хувьд санал бодлоо илэрхийлье гэж /2022 оны судалгааг ашиглалаа/ бодлоо.

Дэлхий нийтэд Эрчим хүчний салбарын үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч компаниуд төрийн, хувийн, хамтарсан г.м өмчийн олон хэлбэртэй үйл ажиллагаа явуулж байна. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч нь төрийн болон хувийн дагнасан бүтэцтэй, дамжуулагч компани нь төрийн мэдэлд гэсэн  жишиг ч байна.

Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж байгаа гэх энэ  үед иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр буух ачааг хөнгөлж, үнийг чөлөөлөөгүй үлдсэн салбаруудын нэг нь яах аргагүй Эрчим хүчний салбар билээ.

Манай улс 1991 оноос төрийн олон аж ахуйн нэгжийн хувьцааг авах цэнхэр, ягаан тасалбар хэмээн нэрлэдэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг иргэн бүрд олгож, баялгийг тэгш хүртээмжтэй хуваарилалт хийх оролдлого нь ард иргэдийн ихэнх эрхийн бичгийнхээ үр өгөөжийг үзэж чадаагүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа хувьчлагдсан аж ахуйн нэгж маш цөөхөн үлдсэн үр дүнгээр л тодорхойлогдож байна.  Хувьчлалын сайн жишээ /хүнсний салбарт/ байгаа, гэхдээ анхаармаар зүйлүүдийг түрүүлж хэлэлцэх нь зөв болов уу.  

Цахим мэдээллийн хэрэгслээр төр муу менежер гэдэг хэллэг явж байна. Төр муу менежерийн бодит жишээ нь Монголд, харин сайн менежер болж болдгийн жишээ хажууханд БНХАУ-д байна. БНХАУ-ын төрийн өмчит компаниуд өнөөдөр дэлхийд тэргүүлэгч компаниуд болтлоо өсөн дэвжжээ. Бидний ялгаа төрийн өмчит компанийн удирдлага, томилгоо, бодлогыг хэрэгжүүлэх явцад хариуцлагын тогтолцоо хэр хүчтэй үйлчилж байгаад байна гэж хардаг. Өөрийн онцлогтой социализмыг хөгжүүлж байгаа гэгддэг БНХАУ хувийн хэвшил, төрийн өмчит компаниудыг өрсөлдүүлж, хөгжүүлснээрээ өнөөдөр дэлхийн эдийн засгийн том гүрэн болжээ, цаашид ч эрчимтэй хөгжлийн байр сууриа тогтвортой хадгалах байх.      

Хувьчлал тэр болгон оновчтой биш байдгийг манай улсаас гадна Унгар улсын хувьчлалын алдаатай бодлогын жишээнээс харж болно. Унгарт элсэн чихэр г.м голлох хүнсний үйлдвэрүүдээ гадныханд алдаж, өөрийн иргэдийн эзэмшдэг байсан супермаркетууд байхгүй болгосон.

Дэлхий нийтийн жишгийг харвал, хувьчлал явагдсаны дараа үнийг тогтмол барих, үнэ өсгөхгүй байх ямар ч боломжгүй байдаг аж.

Эрчим хүчний салбарт ойр жишээ татвал Болгар, Казакстан улсуудын цахилгаан станц, шугам сүлжээгээ хувьчилж байсан түүх байна.

  • Болгар улсын хувьд хувьчлал явагдсаны дараа Үнэ тогтворжуулах улсын комисс нь цахилгааны шинэ үнийг зарласан бөгөөд анх тохиролцсон 25%-ийн үнийн өсөлтийг барьж чадахаа байж, үнэ  хэд дахин нэмэгдсэний улмаас жагсаал цуглаан болж, 1000 гаруй компани хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Импортын цахилгаан эрчим хүч хэрэглэж үзээгүй, илүүдлээ экспортод гаргадаг байсан түүхтэй тус улсад эсэргүүцлийн улмаас Засгийн газар нь огцорсон.

 

  • Казакстан улс цахилгаан дамжуулах шугам сүлжээгээ дэд станцын барилга байгууламжтай нь цуг хувьчилж, цахилгааны үнэ нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргах түвшинд очиж, өндөр үнэ тогтоосны улмаас мөн эсэргүүцэл гарч, Засгийн газар нь хувьчилснаасаа хэд дахин өндөр үнээр цахилгаан станц, дамжуулах шугам сүлжээгээ буцаан худалдаж авч байсан гашуун жишээ үлдсэн байдаг.       

Монгол улсад Эрдэнэт УБҮ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцалж төрийн мэдэлд буцааж авсан тохиолдол гарлаа. Хэрэв НИК компани төрийн мэдэлд хэвээр байгаад, хувийн хэвшилтэйгээ хамтдаа өрсөлдсөн бол өнөөдөр Засгийн газраас түлш, шатахууны үнийг барих гэж толгойгоо гашилгах шаардлага бага гарах байсан болов уу гэсэн асуулт ч байдаг.

Зах зээлийн эдийн засгийн онолын эрэлт нь нийлүүлэлтийг тодорхойлно гэдэг эдийн засгийн суурь ойлголтыг шууд утгаар нь хэрэгжүүлэхийг оролдвол  зэрлэг капитализмруу ордог.  Ямар ч зохицуулалтгүй зах зээл, эдийн засаг гэж дэлхийд хаа ч байхгүй.

Манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, байрны үнэ нь дэлхийн зах зээлийн ханштай дөхсөн байхад, хөдөлмөрийн хөлс, цалин нь сураг байхгүй доогуур, ченжүүд үнийг тогтоодог далд эдийн засагтай, зарим салбарт монополь аж ахуйн нэгжүүд ноёрхсон зэрлэг капитализм үүсчихжээ. Үүний нотолгоо нь гадны улс, орнуудад баяр ёслол гм хүний хэрэгцээ ихсэх үед бүтээгдэхүүний үнээ бууруулах замаар ахиу борлуулж өрсөлддөг шударга механизм үйлчилж байхад, манайд харин эсрэгээрээ хүний хэрэглээг хясах замаар үнээ нэмж өрсөлдөж байна.    

Монгол улсад Эрчим хүчний салбарын түгээх тусгай зөвшөөрөлтэй хувийн компани 1995 оны үеэс анх үүсч байсан бол өнөөдөр 14-үүлээ болж, төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудтайгаа нийлэн 27 болсон байна.  

Нийслэл болон Төв аймгийн нутаг дэвсгэрт байгаа 6-10кВ-ын дэд өртөөнүүдийн 33%, 35кВ-ын дэд өртөөнүүдийн 23% нь “УБЦТС” ТӨХК-ийн ашиглалтад байна. Үлдсэн 67- 77% нь гадны ашиглалтын гэх ангилалаар бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалт, мэдэлд, хувь хүн, ААН-н нэр дээр өмчлөлд,  зарим дэд өртөөний эзэмшил тодорхойгүй байна. Энэ судалгааг мэдээлэхээс өмнө нийслэлийн дэд өртөө, шугам сүлжээ, хуваарилах байгууламж, тоног төхөөрөмжийг “УБЦТС” ТӨХК-ийн ашиглалтад байдаг гэж бодож байсан хүмүүс гайхах байх. Энэ судалгаанаас хувийн хэвшлийн түгээх тусгай зөвшөөрөлтэй компаниуд байр сууриа олоод эхэлсэн байна гэдгийг харж болно.    

Арилжааны банкуудыг олон нийтийн хяналттай болгосон /IPO гаргасан/ байдлыг ажиглахад, хэдийгээр банкууд хувьцааныхаа 5-10 хувийг олон нийтэд санал болгосон ч ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалж чадаагүй, хувьцаа авахаар захиалга өгсөн нийт оролцогчдын мөнгөн дүнгийн хэмжээгээр пропорционалаар хуваарилсан байна. Салбарын ажилтнууд нийлээд ч хяналтын багцын эрх авах боломж олдоогүй, хувьцааны дийлэнхийг хэдхэн хувьцаа эзэмшигчид авсан байгаа нь олон нийтийн хяналттай бус нэгдмэл сонирхолтой цөөн хүний гарт баялаг очиж, баялгийн хэт төвлөрөл, тэгш бус байдлыг бууруулах зорилго тааруу биелжээ.    

“УБЦТС” ТӨХК-ийн ажилтнуудын хувьд өөрсдөө болон дотроосоо мерит зарчмаар шалгаран гарч ирсэн удирдлагын багтай хамтран ХҮТ-ийн чиг үүргийг менежментийн гэрээгээр гүйцэтгэх боломж, чадвар  бүрэн байна. Заавал гаднаас болон компанид томилогдон ирсэн цүнх баригчдаас бүрдүүлсэн багтай гэрээлэх шаардлага байхгүй. Хувийн түгээх тусгай зөвшөөрөлтэй компаниудын монтёроос эхлээд мастер, инженер, ахлах, дарга, захирал хүртэлх албан тушаалуудад “УБЦТС” ТӨХК-д ажиллаж байсан мэргэжилтнүүд хүний нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа нь тус компанийн боловсон хүчний ямар их чадавхи, нөөцтэй байгааг илэрхийлнэ.  

Олон нийтийн хяналттай болгоё гэвэл эрчим хүчний ажилтнууд өөрсдөө хяналтын хувьцааны багцыг худалдан авч, эзэмших боломж байна. Ямар ч мэргэжлийн баг буюу эрчим хүчний бэлтгэгдсэн боловсон хүчин өөрийнхөө компанийг алдагдалтай, ашиггүй  ажиллуулахыг хүсэхгүй. Эрчим хүчний салбар маань одоо ажиллаж байгаа, ажиллаж байсан  хэдэн мянган ажилтнуудын хүч, хөлс хөдөлмөрөөр бий болсон юм.

Түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн компаниуд болон төрийн өмчит, орон нутгийн өмчит компаниудын алдагдал, борлуулалтын үзүүлэлтийг хооронд нь харьцуулаад дүгнээч гэж зарим хүмүүс надад зөвлөх байх. Энд олон хүчин зүйлс давхар нөлөөлж байгаагийн зах зухаас дурдвал;

  • Гэр хорооллын айл өрхүүдийн дийлэнх тэр дундаа төлбөрийн чадвар муу, таруу бутархай, алслагдсан хэрэглэгчид, алдагдал ихтэй шугам тоноглолуудын ихэнх нь “УБЦТС” ТӨХК-ийн ашиглалт, өмчлөлийн заагт байна. Гэтэл хувийн хэвшлийн компаниуд орон сууцны хороолол, төлбөрийн чадвар сайтай томоохон аж ахуйн нэгжүүдийн шинээр хийгдсэн дэд станц, шугам тоноглолыг ашиглах гэрээ байгуулан өргөжин тэлж байгаа нь туршлага суух, хөл дээрээ тогтох, санхүүгийн хувьд хараат бус болох гэдэг үүднээсээ сайн үзүүлэлт байж болох юм.

 

  • Гэтэл төрийн өмчит компаниудын өмчлөлийн дэд өртөө, цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээ, хуваарилах байгууламж, тоноглол насжилт өндөртэй болсон, хоцрогдсон технологио сайжруулах хөрөнгийн эх үүсвэр байхгүй амь аргацаах төдий гал алдахгүй байхаар хэмжээнд үйл ажиллагаагаа явуулсаар байна.

 

  • “УБЦТС” ТӨХК-д гэхэд урьдчилсан төлбөрт тоолуур нэвтрүүлэх, алсаас сэлгэн залгалт хийх, шугам сүлжээний алдагдлыг бууруулах, орчин үеийн бүтээмж өндөр  машин механизмыг авч ашиглах г.м техник, технологийн шинэчлэлтээр ажил үйлчилгээгээ явуулж, хүний олноор бус техникийн шийдлээр цомхон бүтцээр ажиллаж, ажилтнуудаа өндөр цалинтай болгох, нийгмийн асуудлыг нь цогцоор шийдвэрлэж, бэлтгэсэн боловсон хүчнээ тогтвортой авч үлдэх боломж бий.

 

Дээрх шалтаануудаас үндэслэн төрийн болон хувийн хэвшлийн түгээх сүлжээний борлуулалт, алдагдлын үзүүлэлтийг шууд харьцуулах боломжгүй юм.

Эргээд ХҮТ-ийн чиг үүргийг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх талаарх мэдээний агуулгыг үргэлжлүүлье. Гадны баг   ирвэл өөрийн хүмүүсээ үлдээгээд биднийг хална гэх айдас, жихүүдэс ажилтнуудад байна. Компанийн зардалд цалингийн зардал өндөр байвал орон тоог цөөрүүлэх асуудлыг хэн бугай нь ч сонирхоно, гэхдээ ажилтнуудын эрх ашгийг хамгаалах үүднээс тэтгэвэрт суусан болон ажлаас гарсан хүмүүсийн оронд хүн нэмж авахгүй байх арга замаар орон тоог цөөлөх боломж бий.

Энд дурдагдаагүй бусад хүчин зүйлсүүдийг энэ удаад үлдээе. Гэхдээ эдгээр асуудлууд  цахилгаан эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй, зах зээлийн үнэ тарифыг мөрдөөгүй байгаа асуудал руу нэгдэн холбогддог.

Монгол улсад 1 кВт.цаг цахилгааны өртөг 224.11 төгрөг байхад, 175 төгрөгөөр борлуулж байгаа нь Эрчим хүчний салбарыг хямралд хүргэх байгаа том асуудал юм. Эрчим хүчний компаниудын үнэ тарифыг угаасаа ашиггүй байхаар тооцоолж өгөх нь зөвхөн зардлаа нөхөх хэмжээнд гэсэн үг. Яагаад гэвэл ашгийг ард түмний халааснаас авах учраас ашиг харалгүй үйл ажиллагаагаа явуулж, эрчим хүчээр ханга гэсэн даалгаврыг өгч байна. Үнийн алдагдлын энэ зөрүүг улсаас нөхөж өгдөггүй бөгөөд эрчим хүчний салбарынхан тоног төхөөрөмжийн засвараа хийлгүй, технологийн дорвитой шинэчлэл хийж чадалгүй гал унтраасаар яваа гэсэн үг.

 

Эрчим хүчний салбарын компаниудын зүгээс алдагдалгүй тариф батлаад өгөөч гэсэн хүсэлтийг төр засаг, ЭХЗХ-д байнга гаргасаар ирсэн. Чөлөөт зах зээлд зөвхөн хувийн хэвшилд зориулж үнийг чөлөөлдөг байж болохгүй ээ.

Үүний хажуугаар Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэдгээр хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф дээр нэмж тооцож байгаа нь сэргээгдэх эрчим хүч /сүүлийн үед олноор байгуулагдсан нар болон салхины/-ний үйлдвэрлэгч компаниудыг хөрөнгө оруулалтаа богино хугацаанд олж авах боломж олгон бусад эрчим хүчний компаниудыг ялгаварлах, хэрэглэгчдийн цахилгааны төлбөрт нэмэлт дарамт болж байгаа нь тийм ч оновчтой бус байна.

 

Хэрвээ цахилгаан эрчим хүчний хэрэглээ, ачаалал өсөх үед эрчим хүчийг байнга найдвартай нийлүүлдэг, хэрэглээ бага үед эрчим хүчээ хуримтлуулан хэрэгцээтэй үед дахин нийлүүлдэг, эрчим хүчний нийлүүлэлтэд эерэг нөлөөтэй усан болон хуримтлуур станцуудад тусгайлан энэ тарифыг мөрдөж байгаа бол болж байна, дэмжиж байна.

 

Хөгжлөөрөө тэргүүлэгч улсуудын бодлогыг хэт дагмааргүй байна, тэд өөрсдийн боловсруулсан стандарт, шаардлагаа мөрдөхийг санал болгож, өндөр үнэтэй техник, технологио зээлээр өгнө. Иим байдлаар санхүүгийн чөтгөрийн тойрогт ордог тул нар, салхийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэгчдэд давуу эрх олгосон хууль, гэрээ хэлцлээ эргэж нэг хармаар байна.

 

Юу гэх гээд байна гэвэл улсынхаа эдийн засгийн хүчин чадал, боломж, нөөцөд тулгуурласан бодлогыг явуулъя. Эдийн засгийн чадавхитай, хөгжлөөрөө тэргүүлдэг Японд гэхэд эрчим хүчнийхээ 55-иас дээш хувийг уламжлалт нүүрсэн галлагаатай болон байгалийн шингэрүүлсэн хий ашигладаг   цахилгаан станцуудаас, 24 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, 21 хувийг атомын цахилгаан станцуудаас ханган нийлүүлж байна.      

 

 Монгол улсын Эрчим хүчний салбарын компаниудын өнөөгийн нөхцөл байдал, онцлог, иргэдийн амьжиргааны төвшинг шинжихэд төрийн өмчит компаниуд нь тогтворжуулах амартизаторын үүрэг гүйцэтгээд, хувийн хэвшилтэйгээ хамт хөгжих нь илүү зохимжтой.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр офшор бүсэд мөнгөө нуусан, бохир мөнгөө угаасан, хууль бус мөнгө, хөрөнгөө угаахаар бэлтгэсэн гэж цоллогдоод байдаг нөхдүүдэд “УБЦТС” ТӨХК-ийн ХҮТ-ийн чиг үүргийг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх мэдээ болон Эрчим хүчний салбарын хувьчлал яригдах бүрт төрийн өмчит компаниуд ширээн дээр өрсөн амтат бялуу шиг харагдаж байгаа юм биш байгаа гэж эмзэглэх боллоо.  Бид хардах эрхтэй.

 

Эрчим хүчний салбарт гаднаас шинээр орж ирэх гэж байгаа сонирхогч хуулийн этгээдүүд  одоо үйл ажиллагаагаа явуулж буй хувийн компаниуд шиг тэгээс нь эхэлж компаниа үүсгэн байгуулах, тэд нартай адил хамтдаа хөгжин компаниа томруулах,  замын дундаас өөрсдөдөө боломж  олгон дайрч орохгүй байх, одоо байгаа хувийн болон төрийн өмчит компаниудтай шударгаар өрсөлдөх, улс оронд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч компаниудыг шинээр үүсгэн байгуулж, эх орныхоо Эрчим хүчний салбарт үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе дөө.    

 

“УБЦТС” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга/цахилгааны инженер, эдийн засагч, мэргэшсэн инженер, ХАБЭА-н аудитор/ Н.Балжинням


“ЛААГАА НӨӨЦЛӨХ ҮҮ, ГЭРЛЭЭ АСААХ УУ” цуврал нийтлэл
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 11:57:19
    зочин: Төрийн өмчит компаниудруу шуналгүй, өөрсдөө шинээр компаниа үүсгэн ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ орж өрсөлдөөрэй. Тэгэж байж туршлагатай боловсон хүчинтэй болох гэж хэдий хэр хугацаа зарцуулдаг, яаж бэлтгэдгийг биеээрээ ойлгоно.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 11:50:35
    зочин: түлш шатахуун шиг үнэ барьж чадахгүй болж магадгүйг анхааруулсан байгааг төр засаг ойлгох байгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 11:49:36
    зочин: Түлш шатахуун шиг үнэ барьж чадахгүй болж магадгүйг анхааруулсан байгааг төр засаг ойлгох байгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 11:11:27
    Зочин: Эрчим хүчний салбарт төрийн болон хувийн хэвшлийн компаниуд аль аль нь байр сууриа олон хөгжиж байхад хөндлөнгөөс буюу замын дундаас менежментийн гэрээгээр халхавчлан төрийн өмчит компаниудыг ирээдүйд хувьдаа авах зорилготой оролцох дэмий. Эрчим хүч бол яах аргагүй улс орны эдийн засгийн том хөдөлгөгч хүч, стратегийн ач холбогдолтой салбар. Хожмын цагт эрчим хүчний үнийг барих тал дээр түлш эрчим хүчний салбарын үнийн бодлогод гарсан алдааг давтахаас сэргийлсэн, гадны эрчим хүчний хувьчлалын талаарх анхааруулгыг жишээ болгож бичсэн. Боловсон хүчний чадавхи сайтай компани аль ч хувилбараар өөрийгөө аваад явчих чадвартайг энэ нийтлээр ойлгуулсан.
Шинэ мэдээ