Монгол Улсад бүртгэлгүй эмүүдийг худалдаж байжээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн улсын /ахлах/ байцаагч нар нийслэл, 21 аймагт Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэн, Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд 315 байгууллагад хяналт шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн хүрээнд 21 аж ахуйн нэгж, 37 албан тушаалтанд 221.8 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 14 нэрийн 8.5 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг аймаг, нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, хууль бусаар олсон мөнгөн орлого болох 33.9 сая төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэсэн байна.

Хяналт шалгалтаар илэрсэн Монгол Улсын эмийн болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй бүтээгдэхүүн худалдан борлуулах, жороор олгох эмийг эмийн жоргүйгээр олгох, дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчил нийтлэг илэрч байна. Иймд зориулалтын бус газар, цахим худалдаанаас мэргэжлийн бус хүнээс хадгалалтын дэглэм тодорхойгүй, бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь эргэлзээтэй эмийг худалдан авахгүй байхыг иргэддээ сэрэмжлүүлж байна.

Мөн та эмийг хэрэглэхдээ эмчид үзүүлж өөрийн өвчний шинж тэмдэг, бие махбодын онцлогт тохируулан эмийн жор бичүүлэн, жорын дагуу эмийг эмийн сангаас авч, авсан эмийг зааврыг дагуу зөв газар хадгалж, зааврын дагуу зөв цагт, зөв тунгаар ууснаар эмчилгээний үр дүн гарна гэдгийг анхаарна уу.


Монгол Улсад бүртгэлгүй эмүүдийг худалдаж байжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ