USD 3,505.87    EUR 3,855.23    JPY 23.95    RUB 41.61    CNY 481.44   

Зөв бодлого, менежментээр явбал монголчууд модоор дутагдах үндэслэл огт байхгүй

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт... Эдгээр үгс зөвхөн арлын улсуудын бэрхшээл байхаа болиод удаж байна. Монголд дэгдэж есөн хүний амийг авсан түйрэн цөлжилтийн хэмжээ бэлчээрийн доройтлоос хальж, хөрсний эвдрэлийн хэмжээнд хүрснийг дахин нэг сануулав.

Монгол орны хөрсний гадаргыг бүрдүүлдэг алтан химэрлэг хөрс салхинд туугдан Бээжин, Солонгост хүрдэг гэсэн баримт бий. Шар мөрний үржил шимгүй хөрсийг зулгаан аж төрдөг тариачин хятадууд Монголоос ирсэн түйрэнг алтан химэрлэг авчирч хөрс борддог тэнгэрийн хишиг хэмээн үздэг гэж нэг нийтлэлээс уншсанаа сайн санаж байна. Харин солонгосууд үүнийг зогсоохын тулд Монголд олон жил мод тарьсан. Цөлжилт, бэлчээрийн доройтол тодорхой цаг хугацаанд явагддаг. Ингэж доройтсоор тодорхой хэмжээнд хүрэхэд хөрс суларч, салхинд хийсэхэд бэлэн болдог байна. Ийм явдал болохдоо тулбал ганцхан өдрийн дотор асар их газар нутгийг хөрсний доройтолд оруулдаг. Алтан химэрлэгийн дор тогтоц муутай шаварлаг хөрс гарч ирнэ. Түүнийг ургамалжуулахад бэрх. 1950-иад онд жилд 5-6 удаа шар шороон шуурга шуурдаг байсан бол өдгөө 10 дахин нэмэгдсэн гэсэн статистик бий. 

Монголчууд цөлжилттэй дорвитой тэмцэж чадахгүй байгаа нь мөнгөнөөс гадна сэтгэл, хүсэл эрмэлзэл, технологийн хоцрогдолтой холбоотой

Уур амьсгалын өөрчлөлт далайгаас хэдэн мянган км хол, эх газрын эрс тэс уур амьсгалтай манай улсад дэлхийн аль ч хэсгээс илүүтэй нөлөөлж байгааг эрдэмтэд олж тогтоосон. Дэлхийн дундаж хэм нэг градусаар нэмэгдэж байхад манай улсад хоёр градусаар нэмэгдэж байгаа талаар эрдэмтэд судалж тогтоосон байдаг. Үр дүнд нь нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, 50-иас илүү хувийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиолддог болж, шороон шуургатай өдрийн тоо 1960 оныхтой харьцуулахад дөрөв дахин өсчээ. Цөлжилтийг зогсоохын тулд ямар нэг арга хэмжээ авахгүй бол манай улсын бүх нутаг 50 жилийн дотор цөлжинө гэсэн таамаглалыг эрдэмтэд танилцуулсан байдаг.

Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад Монгол Улс ч дэлхийн дулааралтай тэмцэж байгаа. Гэвч хангалттай хэмжээнд байж чадахгүй хэвээр байна. Үүнийг хөрөнгө мөнгөний дутагдалтай холбож ярьдаг байсан бол одоо сэтгэл, хүсэл эрмэлзэл, технологийн хоцрогдолтой холбож ойлгох хэмжээнд хүрчээ.

Гаднын улсын жишээ ийнхүү өөрсдийгөө чамлахад хүргэв. Гэхдээ оройтоогүй, бидэнд өөрсдөө санаачлаагүй ч бусдын шинэ санааг шууд нэвтрүүлэх боломж одоо ч байна.

Бидэнд шууд хэрэгжүүлэхэд бэлэн хөтөлбөр бий

Бидэнд ойжуулах, цөлжилт бууруулах чиглэлээр баталсан, шууд хэрэгжүүлэхэд бэлэн хөтөлбөр бий. “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр гэхээр хүмүүс санаж байгаа байх. Бүтнээрээ “Цөлжилт, элсний нүүлт, шар шороон шуурга, түйрэн багасгах, хөрсний эвдрэл, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлэх “Ногоон хэрэм” хөтөлбөр”-ийг Засгийн газар 2005 оны 44 дүгээр тогтоолоороо баталж, 2035 он хүртэл 10, 10 жилийн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Эхний үе шат 2015 онд дууссан бол одоо хоёр дахь үе шат нь 21 аймаг, 189 сум, суурин газрыг хамран хэрэгжиж байна. УИХ 2015 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг дүгнэж 49 дүгээр тогтоол баталсан.

Уг тогтоолоор дөрвөн бүс нутагт ойн- агро аж ахуй байгуулах, ойн тариалан хөгжүүлэх зэрэг олон заалтыг оруулсан байна. Агро паркийн зураг төсөл ч бэлэн болжээ.

“Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн Бүсийн хөгжлийн захирал М.Даш бидэнд дээрх мэдээллийг өгсөн юм. Хувь нэмрээ оруулахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгтэй хамтрахад бэлэн гэдгээ ч илэрхийлж байв.

Түүний өгсөн мэдээллээс “Бидэнд шууд хэрэгжүүлээд явах үндэсний хөтөлбөр байгаа юм байна, гагцхүү хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхдээ олон янзын арга хэрэглэх, технологийн дэвшлийг ашиглаж олон нийтийн оролцоог хангах чиглэлд илүү санаачилгатай ажиллаж, өргөн далайцтай хэрэгжүүлэх л үлдсэн юм байна” гэдэг нь ойлгогдож байна. Цөлжилттэй тэмцэх төрийн бодлого хэрэгжиж л байна. Гэхдээ үнэндээ цөлжилтийнхөө хурдыг гүйцэхгүй бол яваандаа цөлжиж л дуусна шүү дээ.

Эрдэмтэд цөлжилтөд тэсвэртэй ургамлын сорт гаргах, нутагшуулахаар ажиллаж байна

Дэлхий дахинд цөлжилтөөс сэргийлэх олон янзын арга хэрэглэж байна. Тухайлбал, Израиль улс цөлжилтөд тэсвэртэй модны сорт гаргаж авах судалгааг амжилттай туршин үйлдвэрлэлд нэвтрүүлснээр амжилтад хүрсэн байх юм. Цөлийг ургамалжуулах чиглэлээр судалгаа туршилт явуулж байсан Израиль, Италийн эрдэмтдийн хамтарсан баг цөлд ургадаг тамарикс хэмээх ургамлын хуурайшилд тэсвэртэй шинэ сортыг гарган авчээ. Эдгээр мод, ургамлын туршилтын талбай Аравийн үржил шимгүй хөрс бүхий Израилийн нутгуудад таран байрласан бөгөөд нэгэн зэрэг явагджээ. Галил нуур, Үхлийн тэнгис орчмын хамгийн үржил шимгүй элсэрхэг хөрсөнд тамариксын 150 сортыг тарьж, дараа нь моднуудаа хамгийн чанар муутай давстай усаар услах зэргээр туршсаны эцэст тэсвэртэй сортуудыг нь тогтоожээ. Уг мод нь өөртөө их хэмжээний давс агуулж байсан ч ургах чадвартай юм байна. Элсэнд ургадаг тэсвэртэй энэ ургамлыг улам тэсвэртэй болгох, цөлжиж буй бүс нутгуудад тарих ажлыг зогсолтгүй үргэлжлүүлж байгаа аж. Энэхүү тамариксын монгол нэр нь сухай бөгөөд монгол эрдэмтэд ч судалгаа туршилт хийж байгаа юм билээ.

Ер нь бол цөлжилтөөс хамгаалах, цөлд тэсвэртэй ургамал үржүүлэх чиглэлээр манай эрдэмтэд олон жилийн өмнөөс ажиллаж, тодорхой хэмжээний уламжлал, мэдлэгийн суурийг үүсгэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Жишээлбэл, нэрт эрдэмтэн Ж.Гал бүр 1960-аад оны эхэн үед анх удаа заган ойг үрээр тархи агротехникийг боловсруулсан түүхтэй. Тухайн үеийн төр засаг ч доктор Ж.Гал гуайн судалгааны ажилд үндэслэж, заган ойг түлшинд хэрэглэхийг багасгах, байгалийн аясаар сэргэхэд нь дэмжих зэргээр дэмжиж байсан сайхан уламжлал байна. Ж.Гал гуайн тарьсан ой одоо төгөл болсон байдаг. Гэхдээ одоо ч арилаагүй байгаа нэг дутагдал нь судалгаа лабораторийн шатнаас үйлдвэрлэлийн шатанд шилжих үйл ажиллагаа хангалтгүй явагдаж ирсэн явдал. Үүнд зориулсан хөрөнгө хүч ч хангалтгүй байсаар ирлээ. Түүнээс биш судалгаа, агротехникийн түвшинд бол олон эрдэмтэд судалгаа хийж байна. Говь цөлийн мод бутлаг ургамлыг тарималжуулан ойжуулалт хийхээс гадна ижил төстэй цаг уурын нөхцөлтэй экваторын нэг бүсэд оршдог орнуудын туршилтыг судалж paboloni, saliks-ийн төрөл зүйлийн модлог ургамлын зүйлийг ургуулж байгаа аж. Гэхдээ хараахан нутагшиж жигдрээгүй байна. Монгол орны хөрс усны түвшин цаг уурын онцлогоос хамаарч олон жилийн судалгаа шаардагдах ажээ. Ер нь мод тарих технологийг эзэмших хугацааг хамгийн багадаа 15-20 жил гэж үздэг. Тэгэхээр бидэнд ямар ч байсан агротехникийн шатанд эзэмшчихсэн, үйлдвэрлэлийн шатанд шилжихэд бэлэн ажлууд байгаа юм байна. Гагцхүү хөрөнгө санхүү гэдэг том саадыг л давах хэрэгтэй болжээ.

Ойн яамтай болох ёстой 

Ой бол тэр чигээрээ том үйлдвэрлэл. Хүчилтөрөгч шингээж нүүрстөрөгч шингээх буюу фотосинтез бол тэр үйлдвэрлэлийн зөвхөн нэг хэсэг нь юм. Одоохондоо биш ч гэсэн ойжуулах ажил үр дүнд хүрээд ирэхэд бид дотоодоосоо модны хэрэглээгээ хангана. Хэрэгцээгээ хангалттай хаах хэмжээний мод огтолж, түүнээсээ 10, 20 дахин олныг нэмж тарьдаг болно. Мод экспортолно. Ойн дагалт баялгаас эдийн засгаа тэлнэ. Ой мод аж үйлдвэрийн нэг том салбар, эдийн засгийн том тулгуур багана болно. Бид энэ чигт л зорих ёстой. Тэрбум мод тарих санаачилга энэ зорилготой холбоотой. Тиймээс эхлээд тогтолцоогоо бүрдүүлэх учиртай. Салбарын яамыг байгуулж, боловсон хүчин бэлтгэх асуудлыг шийдэж, тусгай хэрэгцээнд газруудыг авч /Хот доторх газрыг хамааруулж болно/, урамшууллын тогтолцоог шинэчилж, сайн дурын ажлын хууль эрхзүйн орчинг бий болгож, иргэдийг соён гэгээрүүлж, татан оролцуулж... Нэг үгээр 2030 он гэхэд тэрбум модтой биш, тэрбум, тэрбум мод тарих мэргэшсэн, бат суурьтай тогтоллцоо, мод тарихыг амьдралынхаа нэг хэсэг болгосон иргэдтэй болсон байх нь бидний зорилго. Ийм том зорилгыг хэрэгжүүлж чадвал ойгоос хэдэн ч Оюутолгойгоос илүү өгөөж хүртэх боломж бий. Энэ том ажлыг байгууллага болгон тодорхой хэмжээний мод суулгаад шийдэхгүй. Тогтолцоо хэрэгтэй, түүний тулд яам хэрэгтэй. Ойн салбар Байгаль орчны яамны мэдлийн агентлаг байснаараа нэг их өөрчлөлт гарахгүй дээ. Агентлагийн дарга нь мэргэжлийн хүн байлаа ч Засгийн газрын хуралдаанд суухгүй шүү дээ. Бас салбарын сайд нь мэргэжлийн бус, тэгээд ойн агентлагийн даргаа халах эрхтэй байх гэх мэт бодит амьдрал дээр ажилд хамгийн их саад болдог бэрхшээлүүд гарна. Ойн чиглэлээр ажилладаг олон хүнтэй уулзаж байлаа. Тэд бүгд “Цаашид Ойн яам, Ойн модны аж үйлдвэрийн яам гэсэн хуучин бүтцийг сэргээж бодлогын хэмжээнд мэргэжлийн баг удирдаж байж Монгол орны ойн бүтэц, ойн сангийн арчилан хамгаалалт, ашиглалт зүй тогтцоороо явна. Хамгаалалтын ойн бодлого үр дүнтэй хэрэгжинэ” гэсэн санаа илэрхийлдэг. Тэр тусмаа нэгэн эрдэмтэн “Зөв бодлого, менежментээр явбал монголчууд модоор дутагдах үндэслэл огт байхгүй” гэсэн нь санаанд тодхон байна.          

 


Зөв бодлого, менежментээр явбал монголчууд модоор дутагдах үндэслэл огт байхгүй
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ