Эрчүүдийн ноёрхлыг эвдэж, Японыг шинэ эринд хөтлөх Санаэ Такаичи

Япон улсын парламент 2025 оны аравдугаар сарын 21-ний өдөр хуралдаж, 64 настай Либерал ардчилсан намын (LDP) гишүүн Санаэ Такаичиг (高市 早苗) Ерөнхий сайдаар томиллоо. Ингэснээр тэрбээр Японы түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон хүн болж байна.

Санаэ Такаичи нь өмнө нь дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан бөгөөд барууны чиг баримжаатай, хатуу байр суурьтай улс төрч гэдгээрээ танигдсан. Тэрээр “Миний ажил одоо л эхэлж байна. Эмэгтэй хүн энэ албан тушаалд хүрч чадна гэдгийг харуулахыг хүсч байна” хэмээн парламентын дараах мэдэгдэлдээ онцолжээ.

Түүний удирдсан Либерал ардчилсан нам дотоодын эдийн засгийн уналт, инфляц, хүн амын бууралт зэрэг тулгамдсан асуудлуудтай нүүр тулж байгаа. Шинжээчдийн үзэж буйгаар Такаичигийн томилгоо нь Японд жендэрийн тэгш байдлын чиглэлд чухал алхам болсон хэдий ч бодит өөрчлөлт авчрах эсэх нь цаг хугацааны асуудал гэж үзэж байна.

Санаэ Такаичи нь, 

Нара мужийн Ямато-Корияма хотод 1961 онд төрж, Кобегийн их сургуулийн Бизнесийн удирдлагын факультетыг төгссөн. Улс төрд 1993 онд анх бие даан орж, гурван жилийн дараа Либерал ардчилсан намд (LDP) элсэж байжээ. Үүнээс хойш олон удаа парламентын гишүүнээр сонгогдож, Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд, Эдийн засгийн аюулгүй байдлын сайдын албыг хашиж байсан туршлагатай улс төрч юм.

Такаичи нь улс төрийн хатуу байр суурь, үндэсний аюулгүй байдлыг тэргүүнд тавьдаг үзлээрээ танигдсан. Тэрээр Японы Үндсэн хуулийн 9-р зүйл буюу “цэргийн хүч хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг өөрчлөх санал дэвшүүлж, Японы батлан хамгаалахын бодлогыг шинэ шатанд гаргахыг зорьдог. Мөн эдийн засгийн салбарт татварыг бууруулах, төрийн зардлыг оновчтой зарцуулах бодлогыг дэмждэг.

Түүнийг “Маргарет Тэтчерийн замналаар урам авдаг” гэж олон улсын хэвлэлүүд тодорхойлдог. Өөрийнх нь хэлснээр “хатуу ч гэсэн шударга, эрчүүд давамгайлсан улс төрд эмэгтэй хүн өөрийн байр суурийг бий болгож чадна” хэмээн итгэдэг ажээ.

Сонирхолтой нь, Такаичи залуу насандаа хүнд рок хөгжимд дуртай байсан бөгөөд “Rusty Nail” хэмээх дууг дуулж буй бичлэг нь Японы цахим орчинд түгжээ. Гэсэн ч түүний улс төрийн имиж энэ талаасаа илүү “хатуу гартай, хатагтай төмөр” хэмээн тодорхойлогддог.

Гэсэн хэдий ч Такаичигийн бодлого, байр суурь нь бүх нийтийн дэмжлэгийг авч чадаагүй байна. Тэрээр ижил хүйстний гэрлэлтийг дэмждэггүй, жендэрийн асуудлаар харьцангуй консерватив байр суурь баримталдаг хэмээн шүүмжлэл дагуулж байгаа юм. Мөн Японы дайны үеийн түүхэн асуудалд “өнгөрснийг уучлах ёстой” гэсэн байр суурь илэрхийлдэг нь хөрш орнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч иржээ.

Санаэ Такаичигийн томилгоо нь Японд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог шинэ түвшинд гаргасан ч түүнийг хүлээж буй сорилт багагүй байна. Эдийн засгийн хүндрэл, инфляцийн өсөлт, хүн амын бууралт зэрэг асуудлыг шийдвэрлэх нь түүний гол шалгуур байх болно. Гэсэн хэдий ч Такаичи “энэ албан тушаалд хүрснээр эмэгтэй хүн улс орноо удирдаж чадна гэдгийг харуулахыг хүсч байна” хэмээн хэлсэн нь олон япон эмэгтэйчүүдэд урам зориг өгөөд байна.


Эрчүүдийн ноёрхлыг эвдэж, Японыг шинэ эринд хөтлөх Санаэ Такаичи
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ