НҮБ-аас 20510 он гэхэд дэлхийн хүн амын 67 хувь нь хотод оршин суудаг болно гэсэн тооцоо гаргажээ. Дэлхийн том хотууд шилжин нүүх үйл явц эдүгээ эхэлсэн байна. Шилжин нүүгсэд голдуу “ухаалаг” гэгдэх хотууд рүү нүүж байгаа бөгөөд ийм хотууд хог, байгаль орчны бохирдол, цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ техологийн дэвшлийг ашиглан шийдсэн байдаг. Мөн байгаль орчинтой холбоотой асуудлыг зохицуулах хууль эрхзүйн орчноо илүү орчин үеийн, цахимжсан болгож байгаа нь ажиглагдаж байгаа юм.
Буруутай нь хариуцлагаа хүлээнэ
Дэлхийн улс орнуудын дунд агаарын бохирдолтойгоо тэмцэж байгаа манайх шиг нь цөөнгүй бий. Гэхдээ манайхаас ялгаатай нь нийслэл хотдоо бус голдуу аж үйлдвэрийн бүс нутагтаа “Асуудалтай” байна. Бас өөрсдийн буруугаас биш бусдын буруугаас болж хэлмэгдэж байгаа нь ч цөөнгүй. Гэхдээ алинд нь адилхан нэг л зарчим үйлчилдэг. “Хэн утаа гаргана, тэр хариуцлагаа хүлээнэ гэж. Аж үйлдвэрийн бүсээс ялгарч байгаа утаа иргэдийг илүү хордуулж байвал эзэн компаниудад илүү харицлага ногдоно, иргэдээс болж байвал иргэд илүү хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. 2011 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо болсон байгаль орчны бага хурлаар АНУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг зэрэг улс агаар бохирдуулсныхаа төлөө бусад улсуудын өмнө хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ зарласан. Гэхдээ “Хүлэмжийн хий ялгаруулахаа багасгаж биш, мөнгөн хэлбэрээр хариуцлага үүрнэ” хэмээн санал нэгдсэн байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жо Байден сонгогдсоноор Дурбаны механизм дахин сэргэх боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, байгаль орчны бохирдолтой тэмцэх ажлыг урамшуулах сан бий болгож, урамшуулал олгоно гэсэн үг. Хүлэмжийн хийн ихэнхийг ялгаруулдаг хөрөнгө мөнгөтэй улсууд өөрсдөө хүлэмжийн хийгээ бууруулахгүй, мөнгөн хэлбэрээр хариуцлага хүлээхээр болсон нь нэг талаар чамлалттай ч нөгөө талаар “буруутай нь хариуцлагаа хүлээнэ” гэсэн зарчимд бага ч гэсэн нийцсэн хэрэг болсон билээ. Тэгвэл энэ зарчмыг Монголд, тэр тусмаа Улаанбаатарт хэрхэн хэрэгжүүлэх вэ.
Утаагаа багасгаж байгаа орнуудын дунд аж үйлдвэржээгүй мөртлөө орон сууцныхаа хорооллын гаргаж байгаа утаанд хордож суугаа манайх шиг улс алга.Утаа гаргасан нь хариуцлага хүлээдэг зарчим ёсоор бол гэр хорооллын иргэд гол хариуцлагыг хүлээх ёстой.Тэр тусмаа хохирогч нь өөрсдөө учраас бүр ч илүү анхаарах ёстой юм.
Иргэд хэрхэн хариуцлага үүрэх вэ
Агаарын бохирдлыг бууруулах ажлыг үр дүнд хүргэх хоёр хүчин зүйл байдаг юм байна. Нэгдүгээрт, төрийн бодлого, хоёрдугаарт, иргэдийн дэмжлэг. Энэ хоёрыг салгаж болохгүй, манайхны хэлдгээр “Нэг тэрэгний хоёр дугуй” гэж үзэж болох аж. Төр хичнээн бодлого боловсруулж хөрөнгө зарцуулаад, иргэд хичээхгүй бол үр дүн гардаггүй гэнэ дээ. Утаатай тэмцэж байгаа улс орнууд иргэддээ хандан зөвлөмж гаргасан нь цөөнгүй. “Агаар цэвэршүүлэх 50 арга”, “Бохирдол бууруулах таван алхам” гэх мэт. Тэр олон зөвлөгөө дундаас гурав нь манайд үүссэн нөхцөл байдалд тохирсон гурван арга анхаарал татав.
Нэгдүгээрт: Хууль журмаа чандлан биелүүлэх. Утаагүй түлш хэрэглэх бүсэд багтсан Дорж, Дондог хуулийг ягштал барьж, түүхий нүүрс, пакришк түлэхээ больчихно гэсэн үг. Ингэснээр төрөөс явуулж байгаа бодлого үр дүнд хүрнэ. Харин биелүүлэхгүй бол хариуцлагын механизм ажиллаж эхлэх юм /Төрөөс хөнгөлөлттэй үнээр утаагүй зуух авчихаад бусдад худалдсан, ашиглахгүй байгаа иргэдийг “иргэний үүргээ биелүүлээгүй” гэж үзэж нийслэлээс албадан гаргах гм./. Иргэн бүр хуулиа биелүүлж, түүнийгээ утааг бууруулахад оруулж байгаа хувь нэмэр хэмээн хүлээж авах юм бол бид утааг бууруулж, бүр үгүй болгож чадна. Утааг багасгахад зарцуулсан сая, сая ам.доллар иргэдэд орон сууц, хөнгөлөлттэй зээл болж ирэх байсан билээ.
Хоёрдугаарт: Утаа бууруулах үйлсэд иргэн бүр оролцох. Болж өгвөл утаа гаргахгүй байх, гаргалаа гэхэд буцааж арилгахыг хичээх нь агаар цэвэршүүлэх ажилд голлох нөлөө үзүүлдэг байна. Агаарын бохирдлын шалтгаан, түүнийг цэвэршүүлэх аргыг мэдэх явдал энэхүү зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх гол суурь болно. Батын гэр бүр жилд “5 тонн нүүрс түлсэн, түүнийг цэвэршүүлэхийн тулд гэртээ 10 мод бут суулгах ёстой” гэдгээ мэддэг, ёсчлон биелүүлдэг байх нь төр иргэний хамтын ажиллагааг улам бат бөх, харилцан уялдаатай болгож байгаа юм. Төрөөс иргэдэд дулаан алдагдал бууруулах хучлага, шаталт сайжруулах зуух тарааж байгаа нь сайн хэрэг. Иргэд үүнийг ойлгож, дэмжих нь чухал билээ. Манайхан өөрт хамаагүй юмыг тодорхойлохдоо өөрсдийгөө огтнотой зүйрлэж “төрийн төлөө оготно боож үхэв гэгчээр...” гэж хэлдэг. Тэгвэл утааны асуудал дээр бол төрийн төлөө боож үхэхгүй л бол хожим хордож үхэхээс өөр сонголтгүй болчихоод байна.
Гуравдугаарт: Мод тарих. Зөвхөн хашаандаа мод тарих нь хангалтгүй.Цаашдаа илүү өргөн хүрээнд ажиллах нь чухал.Амьтан, ургамал хоёрт нэг онцлог шинж байдаг гэнэ. Аль, аль нь муу энерги тэсвэрлэдэггүй. Сайн сайхан энергитэй орчинд маш хурдан өсч үрждэг.Өөрийгөө хэр эерэг эрчим хүчтэй хүн гэдгээ шалгасан ч болно шүү дээ. Энэ бол ажлыг сонирхолтой болгож, сэтгэл ханамж авах нэг арга юм. Улаанбаатарчууд жилдээ 147 сая ам.долларыг агаарын бохирдлоос үүдэлтэй архаг бронхит, уушгины хорт хавдар зэрэг өвчин эмчлэхэд зарцуулдаг гэсэн тооцоо байдаг /2007 он/. Таны тарьсан мод бүхэн иргэдийн халааснаас гарах 100 ам.долларыг хэмнэж байна гэж бодох мэдээж таатай. Үүргээ ухамсарлаад Улаанбаатарын иргэн бүр нэг мод тарьж, түүнийгээ тордоод ургуулчих л юм бол утаа дараа жил гэхэд алга болчихно. Төсвөөс дахиж мөнгө гаргах шаардлагагүй, өөр, хэрэгтэй зүйлд зарцуулна. Хорт утаагаар амьсгалж буй бяцхан үрс, өмч хөрөнгөө биегүй утаанд зарцуулж буй төр засаг чинь танаас ийм л жаахан “сэтгэл” гуйж байна.
Дөрөвдүгээрт: Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглах. Сэргээгдэх эрчим хүч ашигласнаар агаарын бохирдлыг ч бууруулна, эдийн засгийн хэмнэлт ч гаргана гэдгийг одоо иргэд ойлгож эхэлж байна. Төр ч бодлогоор дэмжиж байгаа. Тиймээс сэргээгдэх эрчим хүч ашиглах нь “нэг сумаар хоёр туулай буудаж” байгаа хэрэг юм.Салхи, нарнаас эрчим хүч гаргаж авах судалгааг өндөр хөгжилтэй орнууд аль хэдийнэ хийгээд, техник, тоног төхөөрөмжийг нь үйлдвэрлэчихсэн. Манайх бол тэдэнтэй эн зэрэгцэхээр зүтгэж яваа. Дагаж байгаа хүнд нэг давуу тал байдаг нь цаг хугацааг хэмнэх боломж юм. Бид тэдний технологийг худалдаж авахад л болно.
Цэвэр орчин, цэнгэг агаар-Хамтын бүтээл |
2025-06-06 10:09:30
2025-06-04 16:04:08
2025-05-23 11:16:05