Баавгайн халдлагад өртсөн иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ

Сүүлийн үед баавгай суурьшлын бүсэд ойртох, хүн болон малд халдах тохиолдол анхаарал татаж байна. Тухайлбал, саяхан баавгайн халдлагын улмаас нэг хүн амиа алдсан хэрэг гарсан нь иргэдийн аюулгүй байдлаас гадна ийм төрлийн эрсдэлд өртсөн хүмүүс, тэдний ар гэрт ямар дэмжлэг үзүүлдэг вэ гэсэн асуудлыг хөндөж байна.

Зэрлэг амьтны халдлагын улмаас хүн амь насаа алдах, гэмтэж бэртэх, мал болон эд хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хохирлыг хэрхэн барагдуулах нь анхаарах асуудлын нэг юм.

Олон улсад зэрлэг амьтны халдлагад өртсөн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хохирлыг барагдуулах зохицуулалт байдаг. Тухайлбал, Энэтхэгт зэрлэг амьтны халдлагын улмаас хүн нас барах, хүнд гэмтэл авах зэрэг тохиолдолд мөнгөн тусламж олгох жишиг бий. Мөн тус улсын Керала мужид хүн, зэрлэг амьтны зөрчлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээг сайжруулах, хохирлыг нөхөн төлөх ажиллагааг түргэсгэхэд чиглэсэн зохицуулалт хэрэгжүүлж байжээ.

Цаашлаад Өмнөд Солонгост зэрлэг амьтны улмаас гэмтсэн хүнд таван сая вон хүртэл, нас барсан хүний ар гэрт оршуулгын зардал болон гашуудлын тэтгэмжид 10 сая вон хүртэл олгох зохицуулалт үйлчилдэг.

Харин БНХАУ-ын Юньнань муж 2025 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлсэн журмаараа зэрлэг амьтны улмаас хүн нас барсан тохиолдолд нөхөн төлбөр болон оршуулгын зардлыг өмнөх жилийн мужийн нэг хүнд ногдох орлогын 20 дахин их хэмжээгээр тооцохоор зохицуулжээ. Эдгээр жишээ нь зэрлэг амьтны улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох асуудлыг эрх зүйн хүрээнд тусгайлан зохицуулж болдгийг харуулж байна

Тэгвэл Монгол Улсын хууль тогтоомжид зэрлэг амьтны халдлагын улмаас иргэн бэртэж гэмтэх, амь насаа алдсан тохиолдлыг хариуцаж, төрөөс тусгайлан нөхөн төлбөр олгох эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

Байгаль орчны багц хуулиуд болон Амьтны тухай хуульд зэрлэг амьтныг хамгаалах, амьтанд хохирол учруулсан иргэнээр нөхөн төлбөр төлүүлэх заалтууд давамгайлдаг бөгөөд амьтны зүгээс хүнд учруулсан хохирлыг төр даах механик байдаггүй. Иймд практик дээр дараах хуулийн гаргалгаанууд үйлчилж байна.

Хэрэв иргэн албан үүргээ гүйцэтгэж явахдаа амьтны халдлагад өртсөн бол Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу үүнийг "Үйлдвэрлэлийн осол" гэж үзэж, төрөөс тэтгэмж олгодог.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд зэрлэг амьтныг хөнөөсөн бол "Аргагүй хамгаалалт" гэж үзэж, эрүүгийн болон экологи-эдийн засгийн үнэлгээний нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Харин бодит аюул тулгараагүй байхад амьтныг урьдчилан отож устгавал хуулийн хариуцлага хүлээнэ.

Эрсдэлтэй бүс нутагт зорчих иргэд хувийн даатгалын компаниудын "Гэнэтийн осол, эрүүл мэндийн сайн дурын даатгал"-д хамрагдсанаар хохирлоо нөхөн авах цорын ганц санхүүгийн боломж үлддэг.

Хүний амь нас, эрүүл мэнд хамгийн үнэтэй тул цаашид байгаль орчны салбарын хуулиудад зэрлэг амьтны зүгээс иргэдэд учруулсан хохирлыг төрөөс болон тусгай сангаас нөхөн төлдөг олон улсын жишгийг нэвтрүүлэх эсэхийг бодож үзэх цаг нь болсон биз ээ...


Баавгайн халдлагад өртсөн иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ