“Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн үйлчилгээг хялбаршуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг бууруулах зорилготой “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БОЛОН БИЗНЕСИЙН ОРЧИН” сэдэвт арга хэмжээ өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Засгийн газрын XI байрны 1 дүгээр давхарт байрлах “ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-д эхэллээ.

Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Отгонцэцэг, Боловсролын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Н.Пүрэвцогт нар үг хэллээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Отгонцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ боловсролын салбарын зөвшөөрлийн харилцааг хялбаршуулах, төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, өнөөдрийн арга хэмжээ нь тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдэл боловсруулах, зөвшөөрлийн шинэчлэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Боловсролын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Н.Пүрэвцогт нээлтийн үеэр хэлсэн үгэндээ зөвшөөрлийн цахим систем, боловсролын салбарын мэдээллийн систем болон магадлан итгэмжлэлийн цахим системийг харилцан уялдуулж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн талаар мэдээлэв.

Мөн Зөвшөөрлийн шинэчлэлийн хүрээнд боловсролын салбарт гарсан ахицаас дурдахдаа:

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн тоог 17-оос 6 болгон бууруулсан.
  • Дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн тоог 22-оос 8 болгон цөөрүүлсэн.
  • Салбарын 7 төрлийн тусгай, 5 төрлийн энгийн зөвшөөрлийг цахимаар олгож байна.
  • Зөвшөөрөл, магадлан итгэмжлэл болон боловсролын мэдээллийн цахим системүүдийн уялдааг сайжруулж байна

Арга хэмжээний хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын мэргэжилтэн О.Хувьтөгөлдөр “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт” сэдвээр, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн О.Отгонбаяр “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” сэдвээр, Боловсролын яамны Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Н.Мөнхсанчир “Боловсролын салбарын цахимжилт ба төрийн үйлчилгээ” сэдвээр тус тус илтгэл тавьж, танилцуулга хийв.

Үргэлжлүүлэн Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зөвшөөрлийн зохицуулалт, анхаарах асуудал”, Боловсролын яам, Дээд боловсролын бодлогын газрын шинжээч Я.Номинцэцэг “Дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зөвшөөрлийн зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хүргэлээ.

Түүнчлэн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн захирал Б.Амарсанаа “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс олгох зөвшөөрөл, цахимжилт, анхаарах асуудал” сэдвээр, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын ахлах мэргэжилтэн А.Ундрал “Зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлт” сэдвээр тус тус танилцуулга хийв. Мөн арга хэмжээний үеэр буюу 2026 оны 11 дүгээр сарын 24-27-ны 09:00–17:00 цагийн хооронд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллаж, боловсролын салбарын зөвшөөрөл, лавлагаа, тодорхойлолт болон төрийн үйлчилгээний талаар хүн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллана


“Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ эхэллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ