Хятад улс Пакистаны нисгэгчийг түүхэн нислэгээр сансарт хөөргөлөө

БНХАУ өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө Пакистаны сансрын нисгэгч Мухаммад Зишан Алиг багтаасан “Шэньжөү-24” жолоодлогот сансрын хөлгийг тойрог замд амжилттай хөөргөлөө. Ингэснээр Пакистаны иргэн Хятадын “Тяньгун” сансрын станцад хөл тавьсан анхны гадаад улсын нисгэгч болж, хоёр орны сансрын хамтын ажиллагаанд түүхэн хуудас нээж байна.


Хөлгийг орон нутгийн цагаар өглөөний 08:20 цагийн орчимд Ганьсу мужийн Жюцюань сансрын хөөргөх төвөөс “Long March-2F” зөөгч пуужингаар хөөргөсөн бөгөөд хөлөг пуужингаас амжилттай салж, төлөвлөсөн тойрог замдаа оржээ. Нислэгийн багийг Хятадын туршлагатай сансрын нисгэгч Тан Хунбо ахалж, нислэгийн инженерээр Ү И ажиллаж байгаа бол Пакистаны Агаарын цэргийн хүчний нисгэгч, 40 настай Мухаммад Зишан Али ачаалал, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтнээр багтсан байна.

Мухаммад Зишан Али “Тяньгун” станцад ойролцоогоор нэг долоо хоног ажиллах хугацаандаа биотехнологи болон фотосинтезийн бичил биетний чиглэлээр шинжлэх ухааны туршилтууд хийж, улмаар станцад байгаа “Шэньжөү-23” хөлгөөр эх дэлхийдээ буцаж ирэх төлөвлөгөөтэй байна.

Өмнө нь 2023 онд Пакистаны иргэн Намира Салим арилжааны нислэгээр дэд тойрог замд хүрч байсан бол Мухаммад Зишан Али дэлхийн тойрог замд гарсан Пакистаны анхны албан ёсны сансрын нисгэгч болж байгаа юм. Мөн энэ нь Хятадын жолоодлогот сансрын хөтөлбөрийн түүхэнд гадаадын иргэн хятад багийнхантай хамтран ниссэн анхны тохиолдол боллоо.

Ташрамд дурдахад, Хятад, Пакистан хоёр улс 2025 оны хоёрдугаар сард сансрын нисгэгч бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд Пакистанаас шалгарсан хоёр нэр дэвшигч Хятадад долоон сарын эрчимжүүлсэн бэлтгэл хийснээс Мухаммад Зишан Али үндсэн нисгэгчээр, Хуррам Давуд нөөц нисгэгчээр тус тус сонгогджээ.


Хятад улс Пакистаны нисгэгчийг түүхэн нислэгээр сансарт хөөргөлөө
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ