Испанид үнийн өсөлт, амьжиргааны өртгийг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт боллоо

Испани улсад амьжиргааны өртөг болон орон сууцны түрээсийн үнийн хэт өсөлтийг эсэргүүцсэн 24 цагийн бүх нийтийн ажил хаялт болж өнгөрлөө. Энэ нь тус улсад сүүлийн 14 жилийн хугацаанд зохион байгуулагдаж буй анхны бүх нийтийн ажил хаялт бөгөөд Түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны санаачилгаар тус улсын хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэл болох CCOO болон UGT нэгдэн зохион байгуулжээ.

Жагсагчид "Цалин, орон сууц ба үнэ" уриан дор нэгдэж, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг сайжруулахыг эрх баригчдаас шаардсан байна. Албаны мэдээллээр зөвхөн нийслэл Мадрид хотод 120 мянга гаруй, Барселона хотод 50 мянга гаруй иргэн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлжээ.

Сүүлийн нэг жилийн дотор Испанид орон сууц худалдан авах үнэ 12.8 хувиар өссөн нь Европын Холбооны дунджаас хоёр дахин давсан үзүүлэлт юм. Тухайлбал, Мадрид хотод 50 ам.метр талбайтай орон сууцны сарын дундаж түрээс 1,170 евро болж өссөн бол тус улсын сарын дундаж цалин 2,460 евро орчим байгаа нь иргэдийн амьжиргаанд хүнд дарамт учруулж буйг эдийн засагчид онцолж байна.

Ажил хаялтын улмаас улс даяар нийтийн тээвэр болон төрийн үйлчилгээний салбарт томоохон саатал үүсжээ. Жагсаал ерөнхийдөө тайван замаар үргэлжилсэн ч Барселона хотод нүүрээ халхалсан хэсэг бүлэг этгээдүүд гал тавьж, дэлгүүрийн цонх хагалсны улмаас цагдаагийн байгууллагаас тусгай арга хэмжээ авсан байна.

Энэхүү томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн нь Испанид ирэх 11 дүгээр сарын 29-нд болох ээлжит бус парламентын сонгуулиас хоёр гаруй долоо хоногийн өмнө болж буйгаараа эрх баригчдад хүчтэй улс төрийн дарамт үзүүлж байна.


Испанид үнийн өсөлт, амьжиргааны өртгийг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт боллоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ