31 хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, бугуйн цаг хулгайлжээ

Архангай аймгийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 18-23-ны хооронд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсан 9 хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллага тэдгээр хэргийг 4 этгээд хийгээд, Улаанбаатар хот руу мөр буруулсныг тогтоосон байна.

Энэ хэргийг хийсэн этгээдүүдийн зарим нь өмнө нь удаа дараа шүүхээс ял сонсож байсан бол зарим нь гэмт хэрэгт холбогдон шалгуулж байхдаа уг хэргийг үйлдсэн аж. Ч нарын 4 этгээдийг цагдаагийн байгууллага Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орогнож байхад нь олж тогтоон, хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчиллаа.

Тэднийг нэгжихэд 31 хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, сондор, бугуйн цаг, дуран зэрэг эд зүйл гарч иржээ. Түүнийг нь эд мөрийн баримт болгон, хураан авсан байна. Тэдгээрийн эзнийг олж тогтоон, буцааж өгөх ажил үргэлжилж байна.

Одоогоор 20 хөөрөг, 10 даалин, цагаан болон шаргал өнгийн 20-иод металл эдлэлийн эзэн олдоогүй байгаа аж. Дээрх хугацаанд хулгайд эд зүйлээ алдаад, цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа иргэд Архангай аймгийн Цагдаагийн газарт хандаарай.


31 хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, бугуйн цаг хулгайлжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0