БНСУ-ын татварын шалгалтад төгс оноо авсан залуу AI ашигласнаа хүлээн зөвшөөрөв

БНСУ-ын 63 дахь удаагийн татварын мэргэшсэн нягтлан бодогчийн улсын шалгалтад тэргүүн байр эзэлсэн 34 настай Хан Вон Сок хиймэл оюун ухаан болон цахим төхөөрөмж ашиглан хуулснаа олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр 2026 оны 11 дүгээр сарын 15-ны ням гарагт өмгөөлөгч Ли Дон Хогийн YouTube сувгаар амны хаалт зүүн гарч ирж уучлал гуйсан бөгөөд Сөүл хотын цагдаагийн газарт хэргээ хүлээсэн бичгээр мэдүүлэг өгснөө зарласан байна.

Түүний мэдүүлснээр, шалгалтын үеэр бичил камер ашиглан асуултуудын зургийг авч, хиймэл оюун ухаан руу илгээн ухаалаг утсаараа хариуг нь хүлээн авч хуулжээ. Тэрбээр энэ аргаа татварын шалгалтын 1 ба 2 дугаар шатнаас гадна өнгөрсөн гуравдугаар сард болсон мэргэшсэн нягтлан бодогчийн эхний шатны шалгалтад мөн ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Шалгалтын танхимд дөрвөн хянагч ажиллаж байсан ч тухайн үед ямар нэгэн сэжигтэй үйлдэл анзаараагүй аж.

Энэхүү хэрэг анх дөрөвдүгээр сард болсон эхний шатны шалгалтаар Хан Вон Сок 160 асуултаас ердөө ганцхан алдаж, 400 онооноос 397.5 оноо авснаар олны анхааралд өртөж эхэлсэн юм. Ялангуяа нийт шалгуулагчдын 74 хувь нь унасан татварын эрх зүйн хичээл дээр тэрбээр 100 хувийн гүйцэтгэлтэй төгс оноо авсан нь салбарын мэргэжилтнүүдийн дунд ихээхэн эргэлзээ төрүүлжээ. Мөн хоёрдугаар шатны бичгийн шалгалтад тэрбээр 800 онооноос 663 оноо авч тэргүүлсэн байна. Анх дүн гарсны дараа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хуулсан гэх хардлагыг эрс няцааж байсан ч Солонгосын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хөгжлийн албанаас шалгалтын материалыг дахин шалгаж, цагдаагийн мөрдөн байцаалт эхлүүлэх болсонтой холбогдуулан ийнхүү хэргээ хүлээжээ.

Энэ нь БНСУ-ын улсын шалгалтад тэнцсэн хүн хиймэл оюун ухааны төхөөрөмж ашигласнаа хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол болж байна. Солонгосын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооноос уг үйлдлийг хурцаар шүүмжилж, хуулийн дагуу шалгалтын дүнг нь хүчингүй болгохыг шаардсан бол Засгийн газраас түүний эрхийг цуцалж, дахин шалгалт өгөх эрхийг 5 жилээр хасах шийтгэл оногдуулахаар болжээ.

Уг дуулиан БНСУ-ын их, дээд сургуульд элсэх улсын нэгдсэн шалгалт болохоос хэдхэн хоногийн өмнө дэгдсэн нь эрх баригчдыг шуурхай арга хэмжээ авахад хүргэлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Ерөнхий сайдын ажлын албанаас шалгалтын танхимд ухаалаг нүдний шил, хиймэл оюун ухааны төхөөрөмж ашиглахаас сэргийлэх тусгай хяналтын баг ажиллуулж, дулаан мэдрэгч камер зэрэг технологийн хяналтыг чангатгахаар шийдвэрлэсэн байна.


БНСУ-ын татварын шалгалтад төгс оноо авсан залуу AI ашигласнаа хүлээн зөвшөөрөв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ