Коронавирусийн шинэ "PJ.2.1" хувилбар дэлхийн найман оронд бүртгэгдээд байна

Дэлхий дахинд Ковид-19-ийн "PJ.2.1" нэртэй шинэ хувилбар бүртгэгдэж, хэд хэдэн оронд тархаад байна.

"PJ.2.1" нэртэй шинэ хувилбар 2026 оны тавдугаар сард Канадын Онтарио мужид анх бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар Хойд Америкийн Канад, АНУ, Европын Франц, Испани, Ази болон Ойрхи Дорнодын Сингапур, Израил, Номхон далайн бүсийн Австрали, Шинэ Зеланд зэрэг дөрвөн тивийн нийт найман оронд тархаад байна.

Эрдэмтэн Маркус Хоффманн болон түүний багийнхны судалгаагаар уг хувилбар нь олон тооны генийн өөрчлөлттэй болох нь тогтоогдсон байна. Хэдийгээр хүний эсэд нэвтрэх чадвар өндөртэй байж болзошгүй ч шинэчилсэн вакцины эсрэг биетийг тойрч гарах чадвар нь харьцангуй хязгаарлагдмал байгаа аж.

ДЭМБ уг хувилбарыг "Хяналтад байгаа хувилбар" ангилалд албан ёсоор оруулаагүй ч тархалтыг нь анхааралтай ажиглаж байна. Одоогоор дэлхий дахинд XFG, JN.1, NB.1.8.1 зэрэг хувилбарууд зонхилон тархаж байгаа бөгөөд нийгмийн эрүүл мэндэд нэмэлт ноцтой эрсдэл учруулахгүй байгааг тус байгууллагаас онцолжээ.

Шинэ хувилбараар өвчилсөн тохиолдолд халуурах, ханиалгах, хоолой өвдөх, ядрах зэрэг амьсгалын замын бусад халдвартай ижил шинж тэмдэг илэрч байна. Иймд өндөр настнууд, дархлаа султай хүмүүс болон суурь өвчтэй иргэдийг халдвараас сэргийлэх, шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.


Коронавирусийн шинэ "PJ.2.1" хувилбар дэлхийн найман оронд бүртгэгдээд байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0