Дагаж биш, сөрж л давах сорилт

Ямартай ч үйлдвэрийн засвараас илүү том шалтгаан байгаа гэдгийг эхлээд хэлье. Бас, хэрвээ доорх таамаг үнэн бол шатахууны хомсдол цаашид нэлээд үргэлжлэх ч магадлалтай. Ийм үе ирвэл иргэдийн ойлголт нэгдмэл байх нь чухал тул ийнхүү нийтлэлийнхээ эхэнд бичиж байгаа юм.  

Хойд шатахууныхаа цоргыг хэрхэн юуны учир хаах болов гэдэг асуултад хариулах гэж үзлээ. Оросуудын өөрсдийнх нь хэлсэн шалтгаанд үнэний хувь байгаа ч хэтэрхий гэнэтийн байсанд нь тайлбар олох гээд чадсангүй. Гэтэл харин Баруун гурван аймгийн цахилгааныг тасалж, асуултын хариуг өгчих шиг боллоо.     

Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын тендерийн гүйцэтгэгч тодорсонтой холбоотой байж болзошгүй гэж хардахад хүргэв. Ингэж хардах үндэслэл байна.

Нэгдүгээрт, Монголын шатахууны импорт ОХУ-ын шатахууны экспортын нэг хүрэхгүй хувийг эзэлдэг. Олон улсын гэрээ гэж хүндэтгээд нийлүүлэлтээ хэвийн явуулах боломж байсан. Адаглаад “Засварт орно” гэдгээ урьдаас сануулах боломж байсаар атал гэнэт “Нийлүүлэх боломжгүй” гэсэн.

Хоёрдугаарт, шатахуунтай ямар ч хамаагүй байтал баруун гурван аймгийг эрчим хүчээр хангахаа зогсоосон нь жирийн давхцал гэхээсээ илүү хааж боосон, сүр хүчийг үзүүлсэн хэрэг гэж харагдаж байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шижигтийн хавцал хэмээх газар Ховд гол дээр баригдах гэж буй Эрдэнбүрэнгийн Усан цахилгаан станцын тендерийн ялагч энэ сарын 17-нд тодорсон, Г.Ёндон сайдын хэлснээр ОХУ захиалсан шатахууныг чинь өгч чадахгүй гэдгээ 20-ны өдөр хэлсэн.

Хэрвээ ОХУ Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудалд ингэж реакцлаж байгаа бол энэ нь давралаас өөр юу ч биш юм.  

ЗХУ задарч, тусгаар улсууд болсны дараа ОХУ хил дамжиж урсдаг гол мөрөн, усны нөөцийн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудтай байгуулж эхэлсэн байдаг. Гэтэл манайх ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаагүй мөртлөө 1995 онд ийм гэрээ байгуулж орхисон нь Шүрэн, Эгийн голын УЦС-ын төсөлд хандлангаас оролцох, саад учруулах боломжийг оросуудад олгож, улсын эрх ашиг хохирсныг бид мэдэж байгаа. УЦС цаанаа эрчим хүчнээс гадна ус гэсэн том агуулгатай. Монголчууд Хэрлэн говь төслөөс эхлээд ихээр хохирсон бөгөөд үүнд хувь нэмэр руулсан дотоодын нэр бүхий улстөрчид ч бий. Тэгвэл Эрдэнэбүрэнгийн УЦС Төв Азийн гадагшаа урсгалгүй ай савд багтдаг Ховд гол дээр баригдах болохоор ОХУ-д ямар ч хамаагүй. Хэрвээ энэ асуудлаар оросууд реакцалж байгаа бол цэвэр даварсан хэрэг гэж хэлэх болсноо дахиад тайлбарлая.   

Монголчууд бид хоёр хөрштэйгөө тэнцвэр барьж байж аюулгүй байдлаа сахина гэдэг бол хэнд ч тодорхой зүйл. Тиймдээ ч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эхлээд хоёр хөршийн талаар (3.1.1.4), дараа нь гуравдагч улсуудын талаар (3.1.1.5) оруулсан байдаг. 

УИХ-аас 2010 онд баталсан Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.4-т “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Ингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ” гэж заажээ. Яагаад зүгээр “Тэнцвэртэй” гэлгүй “Бүхэлдээ” гэдэг үг нэмж оруулаа вэ. 

Яагаад гэвэл тэнцьэртэй харилцаа гэдэг нь бүх юмандаа хоёр хөршийг 50, 50 хувь оролцуулна гэсэн үг биш юм. Их гүрнүүд угаас жижиг үндэстнийг ямар нэг юмаар нь 100 хувь атгаж байж тайван байдаг жамтай. Тэр утгаараа Монгол Улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт, түүхий эдийн экспорт тал дээр БНХАУ, газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүчний тал дээр ОХУ-аас бүрэн хамааралтай.

Салбар бүр нэг улсаас бүрэн буюу бараг 100 хувь хараат боловч бүхэлд нь харвал тэнцвэртэй л байна. Харин, тэнцвэрт байдлыг хангаж байгаа салбарт хөршүүдийн өрсөлдөөн үүсвэл /Жишээ нь, ОХУ бидэнд өргөн хэрэглээний бараа нийлүүлж, түүхий эд худалдаж авах, эсвэл БНХАУ эрчим хүчний салбарт орж ирэх үед/ Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа алдагдаж эхэлнэ гэж үздэг. Гэтэл Эрдэнэбүрэнгийн УЦС 100 хувь Монголын төсөл шүү дээ. ОХУ-ын хувьд газрын тос, эрчим хүч дээр монголчууд биеэ даах нь мөн л эрх ашгийг ноцтой зөрчсөн хэрэг бололтой.

Нэгэнтээ ОХУ ингэж харж байгаа бол бид ГТБҮ-ийн бүтээн байгуулалтаа хурдлуулж, дараа, дараагийн Эрдэнэбүрэнг барьж байгуулан хамаарлаасаа нэн даруй гарахаар шуурхайлахаас өөр яах билээ. Ус, уу шатахуун уу, маргаашийн өөр үү, өнөөдрийн уушиг уу гэсэн тэмцэл явагдаж байна шүү дээ. Энд өрнөж байгаа Засаг огцруулах акц бол дотоод гадаадын бүлэглэлээс зохион байгуулж буй, энэ эчнээ тэмцлийг далимдуулан улс төрийн ашиг хонжоо олох гэсэн оролдлого төдий юм.    


Дагаж биш, сөрж л давах сорилт
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ