Өндөр төвшний авлигачидтай тэмцэх шинэ гарц

-Улсдаа дархлагдсан авлигач улстөрчдийг шийтгэдэг олон улсын шүүх байгуулна-

Авлига, бусад гэмт хэрэгт холбогдож, хууль байнга зөрчдөг ч эрх мэдэл нөлөөгөө бат тогтоосны улмаас ард түмэн, шүүх засаглал нь бие даан хариуцлага ногдуулж чаддаггүй улстөрчид байдаг. Ийм улстөрчдөд ард түмнийх нь өмнөөс хариуцлага тооцож өгдөг Олон улсын авлигын эсрэг шүүхийг байгуулах цаг болсон гэж үзэх хуульчид олширч байна. АНУ тэргүүтэй барууны улсуудаас анх дэвшүүлсэн энэ санаа эдүгээ олон улсын анхаарлыг татах хэмжээнд хүрчээ.

Энэ санааг дэмжигчдийн нэг, АНУ-ын шүүгч Марк Вульф ВВС агентлагт энэ асуудлаар ярилцлага өгч, Авлигын эсрэг олон улсын шүүх байгуулах санаачилгыг ажил хэрэг болгохын тулд ирэх онд олон улсыг хамарсан томоохон кампанит ажил явуулна гэж мэдэгдсэн байна.

Авлигын эсрэг олон улсын шүүх байгуулах санаачилга шинэ зүл биш бөгөөд өмнө нь олонтаа яригдаж, дэмжигч, эсэргүүцэгчтэй болчихсон сэдэв юм. Эсэргүүцэгчид нь энэ санааг биеллээ олох боломжгүй, ялангуяа авлигад идэгдсэн улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй гэдэг бол дэмжигчид нь шүүхийг ажиллуулах олон улсын механизм бүрдүүлэх боломжтой гэж үздэг.  

Зүүн гар талаас эхнийх нь шүүгч Марк Вульф.

Шүүгч Марк Вульф Авлигатай тэмцэх олон улсын шүүх байгуулагдсан тохиолдолд амжилттай ажиллаж адна гэж итгэгчдийн нэг юм. Тэрээр ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа хэрвээ шүүх байгуулагдвал аар саар авлигачидаас илүүтэй “Өндөр төвшний авлига” гэгддэг өөрсдөдөө зориулж хууль батлах хэмжээнд хүрсэн, төр засгийн хамгийн дээд албан тушаалыг хашдаг тэр этгээдүүдтэй тэмцэнэ хэмээн онцлон тэмдэглэжээ. 

“Том авлигачидтайгаа бие даан тэмцэх чадваргүй улс орнууд дэлхий дээр олон бий. Тийм ч учраас миний тэргүүлдэг “Integrity Initiative International” байгууллага Авлигын эсрэг олон улсын шүүхийг байгуулахын төлөө тууштай явна. “Өндөр төвшний авлига” дэлхийн олон оронд “цэцэглэж” байна. Эдгээр улсын удирдагчид тодорхой зохион байгуулалт, системтэйгээр авлигыг цэцэглүүлдэг хэрнээ хариуцлагаас зугтаж чаддаг. Яагаад гэвэл хууль хэрэгжүүлдэг цагдаа, прокурор, шүүхэд нөлөөгөө тогтоож, хуулийг шударгаар хэрэгжүүлэх бололцоог хаадаг юм. Уг нь бол эдгээр улс бүрт авлигатай тэмцэх өөрийн гэсэн хууль тогтоомж бий. НҮБ-аас гаргасан авлигын эсрэг конвенцид нэгдсэн улс бүр хуулиа хэрэгжүүлж, авлигачидтай тэмцэх үүрэг хүлээсэн байдаг. Гэсэн ч үүргийг хэрэгжүүлэх эрх мэдэлтнүүд нь өөрсдөө авлигачид байдаг учраас билүүлдэггүй” хэмээн М.Вульф хэлсэн байна.

Авлигын эсрэг олон улсын шүүхэд итгэх шалтгаан

Тэгэхээр, шүүх байгуулагдсан тохиолдолд улс олрнууд хүлээн зөвшөөрч, амжилттай ажиллаж чадах уу гэдэг асуултад хариулах нь хамгийн чухал. М.Вульфийн ярьж байгаагаар бол шүүх амжилттай ажиллаж чадна. Тэрээр үүнийгээ баталж доорх тайлбарыг өгсөн байна.

Нэгдүгээр, шүүхийг байгуулагдвал олон орон хүлээн зөвшөөрөхөө илэрхийлжээ. Тэдгээлийн дийлэнх нь барууны орнууд гэдэг нь ойлгомжтой. Харин ОХУ, БНХАУ зэрэг барууны ертөнцийн гол дайснууд шүүхийг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал өндөр. Гэсэн ч тэдгээр улсын авлигачидтай тэмцэх боломж бололцоо АЭОУШ-д байгаа гэнэ.

Авлигачид хууль бусаар авлига олохдоо олон улстай харилцаа үүсгэдэг. Хэдэн саяар хэмжигдэх хууль бус орлого олсон хүн түүнийгээ эх орондоо биш, Лондон, Парис, Нью Йорк зэрэг тогтвортой эдийн засагтай бүсэд үл хөдлөх хөрөнгө хэлбэрээр байршуулахыг хичээнэ. Ингээд худалдаж авахдаа тухайн улсын банкаар гүйлгээ хийж таарна. Ингэснээр тухайн улс энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхзүйн боломж нээгддэг. Тиймээс өндөр төвшний авлигачидтай тэмцэх боломжийг тийм ч хязгаарлагдмал гэж үзэж болохгүй гэнэ. Жишээлбэл, Швейцарь улс Авлигын эсрэг олон улсын шүүхийн гишүүн боллоо гэж бодоход л маш олон улсын өндөр төвшний авлигачидтай үр дүнтэй тэмцэх боломж үүсэх юм. НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 187 улс нэгдэн орсон бөгөөд энэ үзэл санаандаа үнэнч байж, хүлээн зөвшөөрөхөд л 187 улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг олон улсын шүүхийн тогтолцоо үүсгэх боломж бий болох юм.     


Өндөр төвшний авлигачидтай тэмцэх шинэ гарц
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ