Хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой баримтууд

Дэлхий даяар тэрбум гаруй хүнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, спортын соёл, эв нэгдлийн бэлгэдэл болдог Хөлбөмбөгийн ДАШТ (FIFA World Cup)-ий түүхэн замнал болон өнөөгийн шинэчлэлийн талаарх онцлох мэдээллийг багцлан хүргэж байна.


Анхны тэмцээн ба Түүхэн замнал

Хөлбөмбөгийн анхны ДАШТ тэртээ 1930 онд Өмнөд Америкийн Уругвай улсад зохион байгуулагдаж, талбайн эзэд анхны аваргын цомыг өргөж байсан түүхтэй. Түүнээс хойш тус тэмцээн 4 жил тутамд нэг удаа уламжлал болон зохиогдож ирсэн бөгөөд зөвхөн Дэлхийн хоёрдугаар дайны улмаас (1942, 1946 онуудад) өнжиж байжээ. Аваргын цомын хувьд 1970 оныг хүртэл "Жюль Римегийн цом" нэртэй байсан бол 1974 оноос өнөөгийн бидний мэдэх алтан цомыг гардуулж эхэлсэн байна.

Дэлхийн аваргуудын "Элит" клуб

ДАШТ-ий 90 гаруй жилийн түүхэнд ердөө 8 улсын шигшээ баг л аваргын алтан цомыг хүртэж чаджээ. Түүхэнд хамгийн олон удаа буюу 5 удаа түрүүлсэн амжилтаар Бразил улс тэргүүлдэг бөгөөд тэд түүхэн дэх бүх ДАШТ-д нэг ч алгасалгүй оролцсон цорын ганц баг юм. Түүнчлэн Герман, Итали улсууд тус бүр 4 удаа, Хамгийн сүүлийн буюу 2022 оны аварга Аргентины шигшээ баг 3 удаа дэлхийн аваргаар тодород байна. Сонирхолтой нь, түүхэнд Европын болон Өмнөд Америкийн багуудаас өөр тивийн баг түрүүлж байгаагүй аж.

Энэ удаагийн ДАШТ нь хөлбөмбөгийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээж байна. Тэмцээний үндсэн шатанд өрсөлдөх багуудын тоог өргөтгөж, анх удаа 48 баг дэлхийн аваргын төлөө хурд хүчээ сорьж байгаа юм. Түүнчлэн энэ удаагийн ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик гэсэн Хойд Америкийн гурван улс хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд тэмцээн 6 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 19-ний хооронд үргэлжлэх хуваарьтай байна.

Шилдгүүдийг тодруулах хувийн шагналууд

ДАШТ-ий төгсгөлд багийн амжилтаас гадна тамирчдын хувийн ур чадварыг үнэлж дараах гол шагналуудыг гардуулдаг уламжлалтай. Үүнд:

  • Алтан бөмбөг (Golden Ball): Тэмцээний хамгийн үнэ цэнтэй шилдэг тоглогч.
  • Алтан шаахай (Golden Boot): Тэмцээний турш хамгийн олон гол оруулсан мэргэн бууч.
  • Алтан бээлий (Golden Glove): Хаалгаа хамгийн шилдэг хамгаалсан хаалгач.

Түрүүлэх магадлалтай баг

  1. Испани: Евро-2024 тэмцээнд босоо түрүүлснээсээ хойш маш тогтвортой байгаа бөгөөд олон улсын томоохон бооцооны газруудын (FanDuel, DraftKings гэх мэт) үнэлгээгээр түрүүлэх магадлалаараа хамгийн эхэнд бичигдэж байна.
  2. Франц: Килиан Мбаппе тэргүүтэй дэлхийн хэмжээний супер ододоор дүүрэн, бүрэлдэхүүний гүн (сэлгээний чанар)-ээрээ хамгийн хүчирхэгт тооцогдож буй баг юм. Шинжээчид тэднийг дахин финалд үлдэнэ гэж таамаглаж байна.
  3. Англи: Харри Кэйн тэргүүтэй Английн "Алтан үе"-ийн залуус сүүлийн тэмцээнүүдэд дараалан амжилттай оролцсон бөгөөд энэ удаад цом өргөх магадлалтай шилдэг гурван багийн нэгээр нэрлэгдэж байна.

Хүчтэй өрсөлдөгчид

  1. Аргентин (Дэлхийн аварга): Лионель Месси болон түүний баг цолоо хамгаалахаар ирсэн. Бүрэлдэхүүн нь маш гар нийлсэн, туршлагатай хэвээр байгаа тул тэднийг дутуу үнэлж болохгүй.

  2. Бразил: Карло Анчелоттигийн удирдлагад тактикийн хувьд илүү цэгцтэй, хамгаалалт сайтай болсон бөгөөд Винисиус Жуниор тэргүүтэй довтолгооны шугам нь ямар ч багийг буулган авах чадвартай.

  3. Португал: Криштиану Роналдугийн магадгүй хамгийн сүүлчийн ДАШТ. Португалын шигшээ баг одоо түүхэндээ байгаагүй хамгийн залуу, авьяаслаг, гүн бүрэлдэхүүнтэй байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Хөлбөмбөгийн ДАШТ нь зөвхөн спортын тэмцээн төдийгүй улс орнуудын соёл, аялал жуулчлал, эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр хэвээр байна.


Хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой баримтууд
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ