“Монголын йогийн фестиваль” энэ бямба, ням гарагт болно

“Монголын Иогчдын холбоо”-оос жилд нэг удаа зохион байгуулдаг “Монголын Иогийн Фестиваль” 05-р сарын 16,17-ний Бямба, Ням гарагт BlueSky hotel & tower-т 6 дахь удаагаа болох гэж байна. Энэхүү фестиваль нь дотоод амар амгалан, бие сэтгэлийн тэнцвэрийг дэмжих, амьдарлын зөв дадал олгох зорилготой олон улсын  арга хэмжээ юм. Хоёр өдрийн турш монголын болон гадаадын шилдэг багш нар 30 гаруй төрлийн иог, бясалгалын хичээл орно. Монголын Иогчдын холбооны хамтын ажиллагааны хүрээнд иогийн өлгий нутаг Энэтхэг улсын AUYSH яамны зочин багш Вивек Кумар, орчин үеийн Аштанга иогийн нэрт багш К.Патхаби Жойсийн дэг сургалтаар түний охин Сарасвати Жойс болон түүний зээ хүү Шарат Жойс нараар заалгаж суралцсан олон улсад сургалт явуулсан туршлагатай англи улсын иргэн Марк Флинт, Монгол Улсын гавъяат багш, ШУ доктор профессор Г.Лхагваа , Гавж Д.Нямсамбуу, Хүний гавъяат эмч Г.Одонцэцэг, клиникийн профессор сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатар нарын мэдлэг туршлагатай багш нар урилгаар,  Монголын иогийн шилдэг багш нар оролцож  иог сонирхогчид төдийгүй бие сэтгэлийн эрүүл мэндийг эрхэмлэгчдэд уламжлалт болон шинэ урсгалын олон төрлийн иог бясалгалын хичээлүүдийг хүргэх юм.  

    Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлогтойгоор иогийн фестивалийг зохион байгуулдаг.  Монголын Иогийн Фестивальд монголын биет бус соёлын өв болох бий биелгээг иогтой уяалдуулсан шинэ сонирхолтой хичээл болон уламжлал болсон морин хуурын эгшигт "Нарны мөргөл" дасгал, бясалгалыг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэдэг уламжлалтай. Энэ жилийн “Чойжин ламын музей”-н гадаа талбайд 05-р сарын 16-ний Бямба гарагт 07:00-08:00 хооронд бүх нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.

  Дэлхийн олон оронд  Иог орчин цагийн стресс бууруулах чухал арга болж байгаа төдийгүй сэтгэл зүй болон бие бялдар өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, анагаах, зарим өвчлөлийн хавсарсан эмчилгээ болж байгаа зэрэг эерэг нөлөөллийг судалсан олон судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол улсад иог  дэлгэрэн, хурдацтай хөгжиж, иогийн олон төв, сургуулиуд бий болж, мэргэшсэн багш нарыг дотооддоо бэлтгэдэг болжээ. Монголын Иогийн Фестивалиар өнгөрсөн жилүүдэд 5000 гаруй иог сонирхогчид нэгтгэсэн нь иогоор идэвхтэй хичээллэгсэд жилээс жилд нэмэгдэж, бие сэтгэлийн эрүүл мэндийг чухалчилдаг хариуцлагатай иргэд олон болж буйг илтгэж байна. Иогийг хүн бүхэн хийж чадах бөгөөд хичээллэхийн тулд бие бялдрын хөгжлийн төгс хөгжсөн байх шаардлагагүй хэн бүхэн тохируулан хийж болдог давуу талтай. Фестивалийн хүрээнд заах иог, бясалгалын олон төрлийн хичээлүүд нь анхан, дунд ахисан түвшиний олон төрлийн иогийн хичээл болон сэтгэл зүй, тэнцвэртэй хоололт, бясалгал зэрэг олон төрлийн баялаг хөтөлбөртэй тул та өөрийн бие бялдрын онцлогт тохируулан сонгон суух боломжтой.

   Мөн фестивалийн үеэр иог бясалгал , эрүүл мэндтэй холбоотой ном, бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ ажиллах аж. Билет авсан хүн бүрд Монголын иогийн сэтгүүл болон гарын бэлэг өгөх юм. Фестивалийн тасалбар МИХ-ны гишүүн иогийн төв, сургуулиуд болон ticket.mn-ээр борлуулагдана.

     “Монголын Иогийн Фестиваль”-г дэмжигч байгуулагаар МУ-ын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, БНЭУ-ын AYUSH яам, Энэтхэг Улсын Элчин Сайдын яам, хамтран зохион байгуулж, MCS Coca Cola” ХХК-ны “Bonaqua” брэнд, Мойл брэнд, АУМ иогийн сургууль зэрэг байгууллагууд ивээн тэтгэгчээр оролцож байна.


“Монголын йогийн фестиваль” энэ бямба, ням гарагт болно
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ