Хаврын морин уралдаан тавдугаар сарын 1-нд Хүй долоон худагт болно

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны нэрэмжит “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын хурдан морины уралдаан 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулагдана. Тус уралдаан ИХ НАС, СОЁОЛОН, СОНГОМОЛ ДУНД насны ангиллаар зохион байгуулагдах бөгөөд уяачид, морь сонирхогч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын хурдан морины уралдаан нь улсын бүсийн зэрэглэлгүй болно.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.18-д “Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулна” гэж заасныг үндэслэн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар аймаг, салбар холбоодоос ирүүлсэн “Улсын чанартай бүсийн хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах тухай” саналуудыг хэлэлцэн бүсийн хурдан морины уралдааныг дараах аймгуудад 2026 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжилсан билээ. Үүнд:

• Говийн бүс – Дундговь аймаг

• Зүүн бүс – Сүхбаатар аймаг

• Баруун бүс – Завхан аймаг

• Төвийн бүс – Сэлэнгэ аймаг

Иймд дээрх хуулийн заалт болон бүсийн уралдаануудын зохион байгуулалтын хүрээнд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын хурдан морины уралдаан нь бүсийн уралдааны ангилалд хамаарахгүй ММСУХ-ны нэрэмжит уралдаанаар энэ жил зохион байгуулагдах юм. Хэрэв “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын уралдааныг Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаан болгох тохиолдолд дээр дурдсан дөрвөн бүсийн уралдааны аль нэг нь хуулийн дагуу зохион байгуулагдах боломжгүй болох нөхцөл үүсэхийг анхаарна уу. Иймд эрхэм хүндэт уяачид Та бүхэн хуулийн холбогдох заалтыг зөвөөр ойлгон, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсье.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо


Хаврын морин уралдаан тавдугаар сарын 1-нд Хүй долоон худагт болно
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ