Цаазын ялаас амьд үлдсэн цорын ганц эмэгтэй Америкийн нийгмийг талцуулж эхэллээ

АНУ-ын түүхэнд орчин үеийн цаазын ял гүйцэтгэх арга хэрэгсэл нэвтэрснээс хойш үхлийн тариаг бүрэн тунгаар хийлгэсэн ч амьд үлдсэн анхны тохиолдол бүртгэгдсэн нь эрх зүй болон биоэтикийн томоохон маргаан дагуулж, Теннесси мужид 30 жил хоригдож буй, өдгөө 50 настай ялтан Криста Пайкийг өнгөрсөн 9 дүгээр сарын 30-нд цаазлах ажиллагаа бүтэлгүйтсэний дараа түүнийг дахин цаазлах уу, эсвэл ялыг нь солих уу гэдэг асуулт Америкийн нийгмийг талцуулж эхэллээ.

Reuters агентлаг болон Ipsos судалгааны байгууллагаас хамтран явуулсан үндэсний хэмжээний шинэ санал асуулгын дүнгээр цаазын ялаас амьд үлдсэн хоригдлыг дахин цаазлах оролдлого хийхийг америкчуудын олонх нь дэмжихгүй байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 39 хувь нь дахин цаазлахыг эсэргүүцэж, ялыг нь насан турш нь шоронд хорих ялаар солих ёстой гэж үзсэн бол 33 хувь нь цаазын ялыг гүйцэтгэж дуусгах буюу дахин оролдох ёстой гэж хариулж, үлдсэн 26 хувь нь тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.

 Улс төрийн үзэл баримтлалаар авч үзвэл Бүгд Найрамдах намыг дэмжигчдийн 52 хувь нь дахин цаазлахыг шаардаж байгаа бол Ардчилсан намынхны 51 хувь нь ялыг хөнгөлөхийг дэмжиж, иргэд үзэл бодлын хувьд эрс хуваагдмал байгааг Reuters агентлаг онцолжээ

Сануулахад, Ривербенд дэх чанга дэглэмтэй хорих ангид Криста Пайкт үхэлд хүргэх үйлчилгээтэй "пентобарбитал" бэлдмэлийг хоёр тунгаар бүрэн тарьсан ч тэрээр үхээгүй бөгөөд шоронгийн ажилтнууд түүний судсыг олох гэж удаан оролдсоны улмаас уг идэмхий бодис судсаар бус эд эс рүү нь алдагдсан байна. Үүний улмаас ялтны хоёр гар хавдаж, түлэгдэн цэврүүтсэн бөгөөд ухаан алдсан тул ажиллагааг зогсоож эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар түүнийг тархины үхэлд орсон байж болзошгүй хэмээн амьсгалын аппаратад залгасан ч, 5 хоногийн дараа Пайк ухаан орж, ярьж, тусламжтайгаар алхаж эхэлсэн нь анагаах ухааны түүхэнд урьд өмнө байгаагүй үзэгдэл болж, тэрээр 10 хоногийн дараа эмнэлгээс гарч шорондоо буцжээ. Уг ноцтой алдааны хариуцлагыг хүлээж Теннесси мужийн Засан хүмүүжүүлэх газрын дарга Фрэнк Страда албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн төдийгүй тус мужийн Амбан захирагч Билл Ли энэ он дуустал мужийн хэмжээнд цаазын ял гүйцэтгэхийг бүрэн хойшлуулж, хараат бус мөрдөн байцаалт эхлүүлээд байна.

Одоогийн байдлаар Пайкийн өмгөөлөгчид нэг хүнийг хоёр дахин цаазлах гэж оролдох нь АНУ-ын Үндсэн хуулийн хэрцгий, ердийн бус шийтгэл хэрэглэхийг хориглох наймдугаар нэмэлт өөрчлөлтийг зөрчинө хэмээн шүүхэд гомдол гаргаж, ялыг хөнгөлөхөөр тэмцэж эхэлсэн бөгөөд Криста Пайк нь анх 1995 онд 18 настай байхдаа найз залуугийнхаа хамт сургуулийнхаа ангийн охин 19 настай Коллин Слеммер-ийг онц хэрцгийгээр тамлан, амь насыг нь хохироосон хэргээр цаазын ял сонссон, Теннесси мужийн түүхэнд цаазын ял аваад буй цорын ганц эмэгтэй юм


Цаазын ялаас амьд үлдсэн цорын ганц эмэгтэй Америкийн нийгмийг талцуулж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ