Н.Учрал: 40 мянган айлыг урьдчилгаа төлбөргүй орон сууцанд оруулна

Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал 50 мянган яндан буулгах, "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, "Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна" гэлээ.

Өнөөдөр "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40000 айлын орон сууц ашиглалтад орно. 

Хувийн компаниудын 14832 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82000 гаруй айлын орон сууц барина.  

Ерөнхий сайд “Төрийн мэдлийн 40000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна.

Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700000 төгрөг байна.

Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард  1,420,000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье.

Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860000 төгрөгийг таван жилийн туршид төлөөд, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой.

Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно. 

Хувийн компаниудын барих 60000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. 39000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” гэлээ. 


Н.Учрал: 40 мянган айлыг урьдчилгаа төлбөргүй орон сууцанд оруулна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ