Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан үр дүнг танилцуулж, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн шаардлагагүй зохицуулалт, шат дамжлага, хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэх орчныг хөнгөвчлөх зорилгоор шинэчлэгдсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах Зөвшөөрлийн зөвлөлийн анхны хуралдаан /2026.09.24/ зохион байгуулагдсан билээ. Өнөөдөр /2026.10.27/ Эдийн засаг, хөгжлийн яаманд Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хоёр дахь удаагийн хуралдаанаа хийлээ. 

Хуралдааны эхэнд, өнгөрсөн хуралдаанаас хойш Зөвлөлийн ажлын алба болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас хийж хэрэгжүүлсэн ажлын гол үр дүнг танилцууллаа. Үүнд, 

  • Эрх зүйн шинэчлэл: Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журмыг батлуулж, шаардлагагүй болсон 44 актыг хүчингүй болгож, зохицуулалтыг цөөлөв.
  • Бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулав: 54 байгууллагын 367 төрлийн зөвшөөрөлд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавихгүй байх тохиргоог хийв.
  • Зөвшөөрөл олголтыг бодитой хэрэгжүүлж байна: Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 32,358 зөвшөөрөл олгоод байна.
  • Үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэв: “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, Даваа-Баасан гарагт иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэв. 

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Зөвшөөрлийн зөвлөлийн дарга Ж.Энхбаяр “Засгийн газрын 2026 оны 329 дүгээр тогтоолоор зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх чиглэлээр 36 арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 11 арга хэмжээний хэрэгжилт 83 хувьтай байна. Энэ хугацаанд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцооны эрх зүйн орчныг бэхжүүлж, бүртгэл, мэдээллийг нэгдсэн тогтолцоонд оруулах чиглэлээр тодорхой ажлууд хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар тулгамдаж байгаа асуудлуудад тодорхой шийдэл гаргаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэхэд анхаарч ажиллана" гэдгийг онцоллоо. 

Түүнчлэн системд мэдээллээ бүрэн оруулаагүй, цахим нэвтрүүлэлтийг хангаагүй эрх бүхий этгээдүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох чиглэл өглөө. 

Цаашид Зөвшөөрлийн зөвлөл үр ашиггүй, давхардсан, шаардлагагүй зохицуулалтыг системтэйгээр бууруулах, зөвшөөрөл олголтын үйл явцыг хялбаршуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог улам бүр сайжруулахад анхаарч ажиллана. Мөн мэдээлэл сонсдог бус, асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргаж, хэрэгжилтийг нь хянадаг бодит механизм байх ёстой гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдэв.


Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан үр дүнг танилцуулж, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0