Элчин Сайд А.Евсиков Монгол улсаар дайрах “Союз-Восток” хийн хоолойн талаар тайлбар өглөө

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков Монгол Улсаар дайрах хийн хоолой барих тухай санамж бичигт гарын үсэг зурсан асуудлаар дараах тайлбарыг өөрийн цахим хуудсаар дамжуулан өгчээ. Мөн Оросын шинжээчдийн санал асуулгыг хавсаргасан байна.

Сүүлийн үед надаас ОХУ-ын “Газпром” компани болон БНХАУ-ын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци Бээжин хотноо “Сибирийн хүч-2” хийн хоолой болон Монгол Улсаар дайрах “Союз-Восток” хийн хоолой барих тухай санамж бичигт гарын үсэг зурсан асуудлаар тайлбар өгөхийг хүсч хандах боллоо.

“Сибирийн хүч-2” нь “Хийн хангамжийн дорнын бүсийн систем” хэмээх өргөн цар хүрээтэй төслийн нэг хэсэг юм. Энэ нь одоо ашиглагдаж буй хийн хангамжийн нэгдсэн системийг Оросын зүүн тал дахь олборлолтын төвүүдтэй холбоно. Уг төсөл өмнө нь хий нийлүүлэлтэд хамрагдаж байгаагүй бүс нутагт бий болгосон сүлжээгээр хий хүргэх боломжийг бүрдүүлнэ.

Хийн хоолой нь Ямалын хойгийн аварга том Тамбейн ордоос эхэлж, Ханты-Мансийн автономит тойрог, Томск, Кемеров муж, Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Буриадын БНУ-аар дамжин Монгол Улсын хилд хүрнэ. Цаашлаад Монголын нутаг дэвсгэрээр, Улаанбаатар төмөр замын коридороор БНХАУ руу нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэж би бодож байна.

Монгол Улс энэхүү хийн хоолойн төсөлд “цэнхэр алт”-ны хэрэглэгчийн хувиар оролцсоноор Улаанбаатар хотод тулгамдсан экологийн ноцтой асуудлыг үндсээр нь шийдэх, Дархан зэрэг бусад томоохон хотуудыг хийгээр хангах бодит боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ сэдвээр “Московский комсомолец” сонины сэтгүүлчдийн явуулсан Оросын шинжээчдийн санал асуулгатай танилцахыг та бүхэнд санал болгож байна. Надад уг материал маш сонирхолтой санагдсан.

❓ Оросын хийн нийлүүлэлтийн дорно зүг рүү чиглэсэн нэмэлт хүчирхэг систем байгуулах санаа аль хэдийнэ бий болсон ч хий дамжуулах хоолой барих ажлыг байнга хойшлуулсаар ирсэн. Төслийн хэрэгжилтийг түргэсгэх болсон шалтгаан юу вэ?

Владимир Чернов, Freedom Finance Global-ийн шинжээч:

- Европод Оросын хийн оролцоо огцом буурсны дараа манай улс эрчим хүчний экспортын урсгалыг дахин хуваарилах зам хайхаас өөр аргагүй болсон. Үүнд борлуулалтын гол зах зээл болох хөгшин Европоос хараат байдлаа бууруулах зорилго ч орно. Энэ утгаараа дорно зүгт хандсан бодлого нь Хятадын чиглэлийг стратегийн тэргүүлэх чиглэл болгож байна. Хятад улс нь хийн урт хугацааны нийлүүлэлтийг төрөлжүүлэх, АНУ-ын нөлөөний бүсэд багтах бусад нийлүүлэгчээс авдаг өндөр үнэтэй шингэрүүлсэн түлшнээс хараат байдлаа бууруулахаас гадна Бээжин “Сибирийн хүч-2” төслийн үнэ, санхүүжилт, хэрэгжилтийн хугацааны талаарх хэлэлцээрт давуу талтай болж, Москвагийн эсрэг гео-энергетикийн дарамтын хөшүүргээ бэхжүүлэх сонирхолтой. Саяхан байгуулагдсан гэрээ нь Орос, Хятадын ашиг сонирхол нийлж буйн илрэл ч гэсэн хоёр тал өөр өөр түвшинд, өөр өөр үүрэгтэйгээр оролцож байна

Георгий Мартиросов, PRIX Club чиглэлийн удирдагч:

- Төслийг түргэтгэх үйл явц хэд хэдэн хүчин зүйлээс бүрдсэн. Хятадын тал эрчим хүчний нөөцийн импортыг төрөлжүүлэх, АНУ-тай удаан үргэлжилж буй технологийн болон худалдааны сөргөлдөөний нөхцөлд шингэрүүлсэн түлшний түүхий эдийн далайн тээвэрлэлтээс хараат байдлыг бууруулах ашигтайг хүлээн зөвшөөрсөн. 

Геополитикийн шалтгаан ч бий. Үүнд: Оросын экспортын стратегийн «Ази руу хандсан чиглэл»-ийг бататгах шаардлага, мөн Хятадын Евразид үнэ тогтоох арбитрын үүргийг бэхжүүлэх хэрэгцээтэй холбоотой юм.

Фёдор Сидоров, санхүүгийн шинжээч, хувийн хөрөнгө оруулагч:

- «Сибирийн хүч-2» төслийн хэрэгжилт нь Оросын эрчим хүчний бодлого дорно зүг рүү эргэсний логик үргэлжлэл юм. Учир нь тус бүс нутагт хий зөвхөн эрчим хүчний салбарт төдийгүй орон сууц, нийтийн аж ахуйн салбарт, түүнчлэн химийн үйлдвэрлэлийн түүхий эд хэлбэрээр эрэлт ихтэй байдаг. Тиймээс Оросоос Хятад руу нийлүүлэлтийг тэлэх нь зүй ёсны алхам юм. Европын зүгээс манай улсад тавьсан хоригийн дарамт, Хятадын АНУ-тай хийж буй худалдааны сөргөлдөөн энэ үйл явцыг чухам түргэтгэсэн. Харин талууд тогтвортой, урт хугацааны нийлүүлэлтэд харилцан сонирхолтой байгаа нь суурь хүчин зүйл юм.

❓ «Сибирийн хүч-2» хоолойгоор анхны арилжааны хий хэзээ дамжиж эхлэх вэ? Төслийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад юу саад болж болох вэ?

Ф.Сидоров:

- Шинэ чиглэлээр анхны арилжааны хий 2030 он гэхэд дамжиж эхлэх боломжтой. Саад болох гол хүчин зүйл нь уламжлал ёсоор үндсэн барилгын бүтээн байгуулалт болон дэд бүтцийн зохицуулалт, тэр дундаа Монголын нутгаар дамжуулахтай холбоотой шийдвэрлэх цаг хугацааны асуудал байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон “Газпром”, CNPC-ийн хооронд байгуулсан санамж бичиг нь саатах эрсдэлийг эрс бууруулна.

Г.Мартиросов:

- Батлагдсан төсөв, барилга-угсралтын ажлын хуваарь болон үнийн эцсийн томьёогүйгээр 2030 онд гэх нь харьцангуй юм. Байгаль орчны холбогдолтой дүрэм, журмууд, зардлыг дутуу үнэлэх эрсдэл, тоног төхөөрөмж нийлүүлэхэд хоригийн хязгаарлалт бодит саад бэрхшээл болж байна. Хийн хоолой бодитоор ашиглалтад орсны дараа үе шаттайгаар төслийн хүчин чадалдаа хүрдэг. «Сибирийн хүч-2» төслийн хувьд ашиглалтад орох эцсийн хугацаа 2030-аад оны дунд үе хүртэл сунжрах магадлалтай.

 

❓ Хий дамжуулах шинэ хоолойн барилгын өртөг хэд болох вэ? Хөрөнгө оруулалтын үндсэн ачааллыг хэн үүрэх вэ?

Г.Мартиросов:

- Албан ёсны тодорхой дүнг зарлаагүй байна. Санхүүжилтийн үндсэн логик нь уламжлалт ёсоор Оросын хэсгийг Оросын талын хөрөнгөөр, харин Хятадын дотоодын дэд бүтцийг Хятадын хөрөнгөөр барина. Монголын нутгаар дайрах хэсгийн хөрөнгө оруулалтын нарийвчилсан мэдээлэл одоогоор ил тод болоогүй, холбогдох дамжин өнгөрөх гэрээ болон бүс нутгийн үндсэн хөрөнгө оруулалтын зардлыг дараа нь хэлэлцэхээр төлөвлөж байна. Санхүүгийн эцсийн загвар буюу хувь эзэмшил, тариф, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа нь үнийн томьёолол болон ачааллыг тооцсон графикийн тохиролцооноос шалтгаална.

 

❓ Оросын хийн үнэ Хятад, Монголд хэрхэн тооцогдох нь тодорхой болсон уу?

В.Чернов:

- Үнэ ханш зах зээлийн зарчмаар харин нийлүүлэлт нь арилжааны үндэслэлтэй байх болно гэдгийг Ерөнхийлөгч Путин шууд мэдэгдсэн. Орос улс «бэлэг» хийх бодолгүй байна. Ерөнхийдөө урт хугацааны гэрээнд үнэ тооцох уламжлалт хоёр томьёо бий. Азийн зах зээлд түгээмэл байдаг нефтийн сагстай уялдуулах арга, эсвэл Европт хэрэглэдэг шиг биржийн ханшинд тулгуурлах арга. Биржийн индекс болон инфляц, эсвэл валютын ханшийн хэлбэлзэлтэй уялдуулан хийх өөрчлөлт гэсэн хосолсон хувилбарууд ч боломжтой.

Онолын хувьд Бээжин хэлэлцээрийн нэлээд хүчтэй байр суурьтай, тухайлбал, Оросын эрчим хүчний нөөцийн төлбөрийн хөнгөлөлтийг эдлэхийн тулд зээл олгох, санхүүгийн бусад ачааллыг нэмэгдүүлэх зэрэг яриа хэлэлцээ хийх томоохон эрх мэдэлтэй байгаа.

Хямдралын хэмжээ болон үнийн уян хатан тогтолцооны боломжууд буюу их хэмжээгээр авахад үнэ буурах, нийлүүлэлтийн үнийг индексжүүлэх, төлбөрийн валютын схем хэрэглэх зэрэг нь талуудын цаашдын хэлэлцээрээр тодорхой болно. Ямар ч тохиолдолд, Путиний онцлон тэмдэглэснээр санхүүгийн эдгээр давуу тал нь Оросын хувьд төслийг арилжааны алдагдалтай болгохгүй юм.

❓ Хий дамжуулах хоолой ашиглалтад орсноор хамгийн гол ашгийг хүртэгч нь хэн бэ? Монголын үүрэг оролцоо энэ төсөлд ямар байх вэ?

Ф.Сидоров:

- «Сибирийн хүч-2» төслийн гол ашиг хүртэгчид нь Орос, Хятад байх болно. Манай орон баталгаатай борлуулалтын зах зээл болон нийлүүлэлтийг урт хугацаанд төлөвлөх боломжтой болох тул дотоодын эдийн засгийн санхүүгийн тогтвортой байдал нэмэгдэнэ. Хятад улс аж үйлдвэр болон «ногоон шилжилт»-д шаардлагатай их хэмжээний хийг найдвартай авах боломжтой болно. Монголын үүрэг оролцоо зөвхөн дамжуулах хоолойгоор хязгаарлагдахгүй бөгөөд Орос, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэж байгаа юм.

 


Элчин Сайд А.Евсиков Монгол улсаар дайрах “Союз-Восток” хийн хоолойн талаар тайлбар өглөө
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ