Цуврал #2: Аутизм ба алдартнуудын онцгой замнал

Сүүлийн жилүүдэд Монголд төдийгүй дэлхий дахинд тусгай хэрэгцээтэй хүүхдүүд, тэр дундаа аутизмтай хүүхдүүд төөрөх, алга болох, осолд орох тохиолдол нэмэгдэж байна. Өнөөдөр цахим орчинд “алга болсон хүүхэд хайж байна” гэсэн зар бараг өдөр бүр түгэх болжээ. Энэ нь эцэг эхийн хамгийн аймшигтай айдас бөгөөд нийгмийн нийтлэг хариуцлагын дохио юм.

Аутизм болон хөгжлийн онцлогтой хүүхдийн талаар "Оюурах" төвийн эмч Ц.Мөнх-Эрдэнэ дараах цуврал #2 мэдээллийг уншигчдад хүргэж байна.

Аутизм бол зөвхөн онош биш. Энэ бол хүний ертөнцийг хүлээн авах, өөрөөр сэтгэх, өвөрмөц авьяасаа хөгжүүлэх нэгэн өөр хаалга юм. Түүхэнд болон орчин цагт аутизмын спектрийн онцлогтой байсан, эсвэл тийм шинж тэмдэгтэй гэж үзэгдсэн олон алдартнууд бий. Тэдний түүх бидэнд нэг зүйлийг хэлдэг. Онцгой байдал бол дутагдал биш, харин нийгэмд үнэ цэнэ нэмдэг өөр чадвар юм. Аутизмтай хүүхдийг зөв чиглүүлж, авьяасыг нь дэмжиж чадвал тэд нийгэмд маш үнэ цэнтэй, онцгой хувь нэмэр оруулж чадах хүмүүс болж өсдөг.

Орчин үеийн алдартнууд

1.Темпл Грандин (Temple Grandin) – Америкийн профессор, зохиолч, амьтны зан авир судлаач. Тэр багадаа аутизмаар оношлогдсон ч хөгжлийн онцлогоо өөрийн давуу тал болгон хувиргаж чадсан. Амьтны халамж, аж ахуйд хувьсгал хийсэн хүн гэдгээрээ алдартай. Өнөөдөр тэр аутизмтай хүүхдүүд болон тэдний гэр бүлд урам зориг өгдөг хамгийн том төлөөлөгчийн нэг.

2.Стивен Уилтшир (Stephen Wiltshire) – Английн уран бүтээлч, "камер нүдтэй хүн" гэж нэрлэгддэг. Тэр нэг л удаа харсан хотын дүр зургийг бүх нарийн ширийнтэй нь хамт зурдаг чадвараараа дэлхийд гайхагдсан. Түүний авьяас аутизмын онцлогийг гайхамшиг болгон хувиргаж чадсаны тод жишээ.

3.Элон Маск (Elon Musk) – “Tesla”, “SpaceX” зэрэг технологийн аварга компаниудын үүсгэн байгуулагч. Тэр өөрөө олон нийтийн өмнө “Аспергерийн хам шинжтэй” гэж мэдэгдсэн. Түүний өндөр төвлөрөл, зоримог сэтгэлгээ, өөрөөр сэтгэх чадвар нь бизнес болон шинжлэх ухаанд шинэ зам гаргаж өгч байна.

4.Дэн Эйкройд (Dan Aykroyd) – “Ghostbusters”-ийн зохиолч, жүжигчин. Тэр өөрийгөө аутизмын спектрийн нэг хэлбэртэй гэж хэлсэн бөгөөд энэ нь түүний бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц дүрүүдийг амилуулахад тусалсан гэдэг.Түүхэн хүмүүсийн дунд

Онош тавигдаагүй ч, түүхэн намтар болон зан төлвөөс нь аутизмын хэв шинж байж магадгүй гэж судлаачид үздэг алдартнууд олон.

  1. Альберт Эйнштейн (Albert Einstein) – Багадаа ярианы хөгжил удаан, нийгмийн харилцаа сул байсан тухай тэмдэглэлүүд бий. Харин түүний ертөнцийг өөрөөр харсан сэтгэлгээ өнөөгийн физикийг үндсээр нь өөрчилсөн.
  2. Исаак Ньютон (Isaac Newton) – Тэр ганцаараа ажиллах дуртай, бусадтай харилцахдаа эвгүй боловч шинжлэх ухаанд гүн автаж, хүндийн хүчний онолыг гаргасан.
  3. Микеланджело (Michelangelo Buonarroti) – Уран бүтээлдээ дэндүү автамтгай, хүмүүсээс зай барьдаг байсан нь аутизмын онцлог шинжтэй байсан байж болзошгүй. Гэвч түүний бүтээлүүд өнөөдөр ч хүн төрөлхтнийг бишрүүлсээр байна.
  4. Никола Тесла (Nikola Tesla) – Сонин зан төлөвтэй, ганцаардмал амьдралтай, гэхдээ гайхалтай нээлтүүдийн эзэн.

Аутизмын онцлог ба авьяас

Аутизмтай эсвэл спектрийн онцлогтой хүмүүсийн дунд нийтлэг ажиглагддаг зүйлс:

  • Нийгмийн харилцаанд бэрхшээлтэй ч тодорхой нэг зүйлд маш гүн төвлөрөх чадвартай.
  • Нарийн ширийн зүйлсийг анзаарах, удаан хугацаанд уйгагүй ажиллах чадвартай.
  • Өвөрмөц авъяас, шинэ шийдэл гаргах бүтээлч сэтгэлгээтэй.

Эдгээр нь олон салбарт гайхамшигт нээлт, бүтээлүүдийн эх сурвалж болж ирсэн.

Аутизм бол хязгаар биш. Харин онцгой ертөнцийг нээх түлхүүр байж болно. Альберт Эйнштейний онол, Микеланджелогийн уран бүтээл, Элон Маскийн технологийн хувьсгал эдгээрийн цаана онцгой сэтгэлгээний хэв маяг нуугдаж байна.

Тэмпл Грандин: Дуугүй хүүхдээс дэлхийн дуу хоолой болсон түүх

Аутизмтай хүүхдүүдийн ертөнцийг ойлгох арга барил өөр. Зарим нь бусдын адил яриагүй ч, өөрийн авьяасаараа ертөнцийг өөрчилдөг. Тийм хүмүүсийн хамгийн тод жишээ бол Америкийн эрдэмтэн, зохиолч, аутизмын хөдөлгөөний төлөөлөгч Темпл Грандин юм. Тэмпл Грандин 1947 онд АНУ-ын Массачусетс мужид төржээ. Тэр хоёр настайдаа аутизмтай гэж оношлогдсон бөгөөд тухайн үед эмч нар ээжид нь “охин чинь сурч хөгжихгүй, тусгай асрамжийн газар өгөх хэрэгтэй” гэж зөвлөсөн гэдэг. Гэвч ээж нь түүнд итгэж, онцгой хүүхдээ өөрийн хайр халамжаар хүмүүжүүлжээ. Темпл багадаа бараг ярьдаггүй байсан ч зураглал, баримжаа, дүрслэлээр сэтгэдэг байв. Хүүхдүүдийн тоглоомын оронд тэр зураг, техник хэрэгсэл, бүтээлийн ажлуудад татагддаг байлаа.

Темпл өөрийгөө “би дүрсээр сэтгэдэг хүн” гэж тодорхойлдог. Түүний тархи зураг, дүрслэл дээр төвлөрдөг бөгөөд энэ нь амьтдын зан авирыг ойлгоход тус болсон.

Тэр мал аж ахуйн байгууламжийг амьтдын мэдрэмжээр төсөөлөн зохион бүтээж, мал сүргийг айлгахгүй, стресс өгөхгүйгээр хариулах шинэ арга системийг бий болгосон. Өнөөдөр АНУ-д ашиглагдаж буй мал аж ахуйн байгууламжийн 50%-ийг түүнийг зохион бүтээсэн гэдэг. Тэр Колорадо мужийн их сургуульд профессор болж, мал аж ахуй, амьтны зан авир судлалын чиглэлээр хичээл зааж байна.

“Thinking in Pictures”, “The Autistic Brain” зэрэг ном бичиж, дэлхийн олон оронд бестселлер болсон. 2010 онд түүний амьдралаар HBO-ийн “Temple Grandin” нэртэй кино бүтээгдэж, олон сая хүнд аутизмыг шинээр ойлгох урам өгсөн.

Темплийн түүх бол аутизмтай хүүхдийг үл тоомсорлох бус, авьяасыг нь хөгжүүлбэл нийгэмд асар их хувь нэмэр оруулж чадна гэдгийн тод жишээ. Тэр хүүхэд байхдаа “ярьдаггүй охин” гэж дуудуулж байсан бол өнөөдөр дэлхийн хамгийн нэртэй эрдэмтэн, аутизмтай хүмүүсийн эрхийн төлөөлөгч болжээ.

Аутизм бол хаалт биш, харин өөр ертөнцөд нэвтрэх хаалга юм. Ээжийн хайр, орчны дэмжлэг, өөрийн хичээл зүтгэлээр тэр дуугүй хүүхдээс дэлхийд дуу хоолой болсон эмэгтэй болсон билээ.

Камер нүдтэй уран бүтээлч: Стивен Уилтширийн гайхамшигт түүх

Аутизмтай хүмүүсийн ертөнцийг харах өнцөг өөр. Зарим нь үгээр бус, дүрслэлээр ертөнцийг хардаг. Энэ онцлогийн хамгийн тод жишээ бол Лондонд төрсөн уран бүтээлч Стивен Уилтшир юм. Тэрбээр дэлхий даяар “камер нүдтэй хүн” хэмээх нэрээр алдаршжээ.

Бага нас ба онош

Стивен 1974 онд төрсөн. Түүнийг гурван настайд аутизмтай гэж оношилсон бөгөөд багадаа ерөөсөө ярьдаггүй байлаа. Бусад хүүхдүүд үгээр ертөнцийг илэрхийлдэг бол Стивен харандаа, цаасаар өөрийн бодлоо гаргадаг байв. Анхны үг нь ч өөрөөр байсан. Тэр зурж байсан цаасаа зааж “цаасан” гэж хэлсэн нь ертөнцийг зураг, дүрслэлээр ойлгодог байсныг илтгэж байлаа.

Онцгой авьяас – “Камер нүд”

Стивений хамгийн гайхамшигтай чадвар бол ой тогтоолт. Тэр ганцхан удаа харсан зүйлээ бүх нарийн ширийнтэй нь хамт цээжилдэг. Жишээ нь: Нью-Йорк хотыг ердөө 20 минутын нислэгээр дээрээс харсныхаа дараа, зургаан метрийн урттай цаасан дээр бүх барилга, гүүр, цонхны тоо хүртэл алдаагүй зурсан.

Ромын Колизей, Токиогийн тэнгэр баганадсан барилгууд, Лондонгийн гудамжуудыг яг бодитоор нь зуржээ. Энэ нь түүнийг “камер нүдтэй хүн” гэх алдартай болгосон юм.

8 настайдаа анхны бүтээл нь олон улсын сэтгүүлд нийтлэгджээ. 1987 онд BBC-ийн баримтат кино түүний авьяасыг дэлхий даяар таниулсан. 2006 онд Лондонд өөрийн нэрэмжит галерейгаа нээж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг гайхшруулсаар байна. Өнөөдөр Стивенийн зургууд музей, хувийн цуглуулгад хадгалагдаж, дэлхийн томоохон хотуудын үнэт уран бүтээл болжээ. Стивен багадаа ярьж чаддаггүй, нийгмийн харилцаанд хүндрэлтэй байсан ч өөрийн давуу тал болох дүрслэх чадвараа хөгжүүлж, дэлхийн уран бүтээлчдийн дунд гайхагдах хэмжээнд хүрсэн. Түүний түүх бидэнд нэг зүйлийг ойлгуулдаг, Аутизм бол хязгаар биш. Харин онцгой чадвар, ертөнцийг өөрөөр харах давуу тал юм.


Цуврал #2: Аутизм ба алдартнуудын онцгой замнал
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ