Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ

ЦУОШГ-аас есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу байх бол бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны хоногийн явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулараа нойтон цас орож салхи ширүүсч шороон шуурга шуурах магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч, шороон шуурга шуурна.


ЗӨВЛӨМЖ 

 

Есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

 

Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.

 

Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, хяруу болон цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалах арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулж байна. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үеийн богино хугацааны цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг ЦУОШГ-аас зөвлөж байна.


Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0