Б.Жавхлан: Төрийн үйлчилгээний албаны ажилтнуудыг шууд цомхотгохгүй

Төрийн байгууллагуудын үйлчилгээний албан хаагчдыг хувийн хэвшилд шилжүүлэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын ээлжит хуралдаанд оролцохдоо энэ асуудлаар мэдээлэл өгчээ. Улмаар хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд мэдээллийн агуулгыг товчлон хүргэж байна.

Иргэдийн дунд нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний алба хаагчдын орон тоог  шууд цомхотгоно гэсэн мэдээлэл явж байна. Тус бүтцэд 50 мянга орчим төрийн албан хаагчид байдаг. Тэдгээрийг шууд л цомхотгоно гэж буруу ойлгож болохгүй. Төр өөрөө илүү чадварлаг, цөөхөн орон тоотой, цомхон, цахим, ил тод, ухаалаг байдлаар ажиллах  зорилтын хүрээнд дунд, урт хугацааны төлөвлөлтүүд хийгдэж байгаа. Гэхдээ ирэх жил төрийн үйлчилгээний алба хаагчдыг шууд цомхотгоод хувийн хэвшил рүү шилжүүлчих боломжгүй. Харин одоо үйлчилгээ үзүүлж байгаа төрийн алба хаагчид нэгдэж нийлж, аж ахуйн нэгжийн ямар нэг бүтцэд шилжин, төрд үйлчилгээ үзүүлж, төр үйлчилгээнүүдээ худалдаж авна гэсэн үг. Үүнд бэлтгэл ажил, судалгаа шаардана"

Тэрээр мөн "Нийслэл, Дүүрэг, Аймаг, Сумын ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгааруудыг шинэчлэн тогтоолоо. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хамгийн том хязгаарлагч хүчин зүйл нь дэд бүтцийн асуудлаас илүүтэйгээр төрийн бүтээмжийн асуудал байдаг. Төрийн бүтээмжийн тухайд төр өөрөө газар дээр нь баримтад тулгуурласан хяналт шалгалт хийхээс илүүтэйгээр цахимд суурилсан, зайнаас хяналт тавих, эрсдэлд суурилсан бүтцийн шинэчлэлийг түргэвчлэх шийдвэрүүд гаргаж байна. Өөрөөр хэлбэл нэгдүгээр сарын 1-нээс эхлэн УИХ-ын харьяа байгууллагууд болон Засгийн газрын харьяа хяналтын чиглэлийн байгууллагуудаас зөвхөн хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн газар дээрх хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх шийдвэр гаргалаа. Хяналтын байгууллагууд УИХ-ын бүтцэд ч байдаг. Тухайлбал, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо гээд. Үүнээс гадна Засгийн газрын хэд хэдэн байгууллагууд байна. Үүнд Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар багтана. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын өөрсдийнх нь бүтцэд байдаг дотоод аудитын хяналт шалгалт гээд байдаг. Үүнийг ялгаж, салгах хэрэгтэй. Төрийн хяналт шалгалтууд хувийн хэвшил рүү чиглэхээс гадна төрөөс төрд хийдэг маш том хяналтын тогтолцоотой. Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагч нарт хяналт шалгалт хийдэг гэсэн үг. Энэ хяналт шалгалт цаашдаа хэвийн үргэлжилнэ. Төсөвт хийгддэг хяналт шалгалтууд хийгддэгээрээ хийгдэх юм. Гагцхүү хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн олон төрлийн хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлнө. Эрсдэлд суурилсан, зайнаас хяналт тавьдаг хэлбэр рүү шилжих бодлогыг өнөөдөр тодорхойлж гаргалаа. Энэ нь төрийн бүтэц болон ТӨК-уд дээр хийх төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй асуудлуудын нэг нь юм. Өнөөдөр ажил эрхэлж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж, төрийн энэ данхар бүтцэд багтаж байгаа. Иймээс цаашдаа төрөөс иргэдэд үзүүлж байгаа төрийн бүхий л үйлчилгээ цомхон ухаалаг цахимжсан, ил тод бүтэц рүү чиглэнэ. Энэ хүрээнд дээрх хязгаарлалтуудыг тогтоох арга хэмжээг авч байгаа юм. Эдгээр бүтцийн орон тооны шинэчлэлийн ажлууд дунд, дээд шатнаас эхэлнэ. Ялангуяа төрийн өмчийн үйлдвэрийн газрууд дээр нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй байх, засаглалын хувьд оновчтой цомхон байх ажлуудыг хийх юм" гэж мэдэгдсэн юм.


Б.Жавхлан: Төрийн үйлчилгээний албаны ажилтнуудыг шууд цомхотгохгүй
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ