ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах, итгэл хүлээлгэх тухай маргааны тойм

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар гаргасан 12 дугаар дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх ёс”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. …” гэж заасанд; тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш …” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх ёс”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор … шийдвэрлэнэ.” гэж заасанд тус тус нийцээгүй гэж үзэж, эдгээр заалтыг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

1.1992 оны Үндсэн хуулиар Монгол Улсад парламентын тогтолцоог бий болгосон бөгөөд парламентын тогтолцоо нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд багтаж хамгаалагдана. Тиймээс Үндсэн хуулиар ард түмнээс сонгогдсон Улсын Их Хурал нь Ерөнхий сайдыг томилох замаар Засгийн газрыг эмхлэн байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Засгийн газар нь Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээж, түүний олонхын итгэл дээр тулгуурлан орших учраас уг итгэлийг алдвал огцрох ч үүнд Улсын Их Хурал хариуцлагатай хандах зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан байна. Засгийн газар Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээх хамгийн эцсийн, хүчтэй хэлбэр нь Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг шийдвэрлэх санал хураалт юм. Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс өөрт нь итгэл хүлээлгэж буйгаа албан ёсоор илэрхийлэхийг Улсын Их Хурлаас хүсэж, төсвийн болон бодлогын тодорхой асуудлын шийдлийг Засгийн газрын оршин тогтнох эсэх санал хураалтаар хамтад нь шийдвэрлүүлэх боломжтой. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулахыг буюу Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн, эсхүл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлаагүй бол Ерөнхий сайд, Засгийн газар огцорно. Ийнхүү огцруулснаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. Иймээс Улсын Их Хурлын санаачилгаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг, эсхүл Ерөнхий сайдын санаачилгаар түүнд итгэл хүлээлгэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэх нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондын харилцан хяналт, тэнцлийн чухал хөшүүрэг мөн.

2.Засгийн газрын бие даасан, тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, танхимын зарчмыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж 2019 онд өөрчлөн найруулжээ. Гэтэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж зохицуулж, Үндсэн хуулийн тус хэсгийг зөрчсөн байна. Энэ зохицуулалтын “гишүүд” гэдэг нь “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй” гэж шууд ойлгогдохгүй байх төдийгүй Үндсэн хуулийн бичвэрт “… гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэж илт тодорхой заасан хугацааг “… 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэж 4 хоногоор уртасгаж, улмаар Улсын Их Хурал Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэх 7 хоногийг 3 хоног болгон богиносгосон байна. Түүнчлэн “уг асуудал” гэж бүрхэг хуульчилсан нь Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хураах Үндсэн хуулийн утгыг алдагдуулах эрсдэлтэй байна.

3.Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж 2019 онд өөрчлөн найруулсан байна. Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн тус хэсгийг зөрчсөн байна. Учир нь Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулснаас хойш “… гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэж Үндсэн хуулийн бичвэрт илт тодорхой заасан хугацааг “… 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэж 4 хоногоор уртасгажээ. Түүнчлэн уг тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулснаас хойш “… арав хоногийн дотор …” шийдвэрлэхээр Үндсэн хуульд илт тодорхой заасан хугацааг “… 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор …” гэж уртасгасан тул уг тогтоолын төслийг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх, ийнхүү хэлэлцэж эхэлснээс хойш 10 хоногийн дотор (нийт 17 хоногийн дотор) шийдвэрлэхээр ойлгогдож байна. Мөн “уг асуудал” гэж бүрхэг хуульчилсан нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хураах Үндсэн хуулийн утгыг алдагдуулах эрсдэлтэй байна.

4.Ерөнхий сайдыг огцруулах, эсхүл түүнд итгэл хүлээлгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 3-10 хоногт хэлэлцэж шийдвэрлэхээр Үндсэн хуульд заасан байна. Иймээс эдгээр тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн даруйд гишүүдэд хүргүүлэх, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр энэ хугацааны дотор удаашралгүй, шууд хэлэлцэж шийдвэрлэх зэрэг нарийвчилсан зохицуулалтыг хуульчлах шаардлагатай байна. Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах санал Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлбэртэй байх, уг тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хураахаар тодорхой хуульчилбал зохино. Мөн Ерөнхий сайдыг огцруулах, эсхүл түүнд итгэл хүлээлгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай эсэхийг нягталж, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй байна.

5.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн бөгөөд энэ нь эрх зүйн тодорхой байдлыг хангах, аливаа хууль, эрх зүйн акт Үндсэн хуульд нийцсэн байх зэрэг зарчмыг баримтлахыг шаардана. Дээрх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт, тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох заалт  нь Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус нийцээгүй төдийгүй эдгээр зохицуулалтад “уг асуудал” гэх ойлгомжгүй нэр томьёо хэрэглэж, эрх зүйн тодорхой байдлыг хангаагүй байх тул хууль дээдлэх ёсыг зөрчсөн байна.

                                                                                                                     Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн


ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах, итгэл хүлээлгэх тухай маргааны тойм
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ