Н.Тэгшбаяр: Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байна

Өнгөрөгч долоо хоногт Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй иргэд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утгатай постыг цахим орчинд хийсэн юм.

Тэгвэл энэ талаар Н.Тэгшбаяр "Эрдэмтэн мэргэд, мэргэжлийн шинжээчид, эмч, багш, инженер, сэхээтнүүд сэрэх цаг иржээ. Доктор Норовын Тэгшбаяр миний бие Монгол Улсын Их Хурлаар 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт мэргэжлийн хүний хувиар шинжээчээр уригдаж ажилласан билээ.

Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн, Аюулгүйн зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн асуудал юм.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай Цөмийн энергийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар, ҮАБЗ-өөр хэлэлцэж УИХ-д өргөн барьж гишүүдийн олонхийн саналаар зөвшилцөлийг баталсаны дагуу Засгийн газар уг гэрээнд 2025 оны 01 сарын 17-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.

Уг гэрээ нь ҮАБ-ын үзэл баримтлалд тусгагдсан тусгаар тогтнол аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрийн шугамаар хамгаалах, түүнчлэн гуравдагч хөршийн бодлогод нийцсэн гэж УИХ үзсэн. Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт уран олборлохтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барьж байгуулах судалгааг эхлүүлэх гэж тодорхой тусгасан.

Дээрх хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгт миний бие эрдэмтэн судлаачийн хувиар улс орныхоо эрх ашгийн төлөө уригдаж ажилласан.

Түүнээс хувийн ашиг сонирхол огт байгаагүй болно. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгт уригдаж ажилласнаас үүдэж цахим орчинд ажил хэргийн нэр төр, алдар хүндээ удаа дараа гутаалгаж байгаадаа маш их харамсаж байна.

Илт худал гүжирдлэгүүд нь сүүлдээ хэрээс хэтэрч амь насанд халдах заналхийлэл сүрдүүлэг болон хувирлаа. Харцага Г.Ганхуяг үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч хүн хорооно гэж рекетлэх, бусдыг гэмт хэрэгт уриалах эрхгүй.

Иргэн Г.Ганхуягийн бусдыг хороох тухай бичсэн постыг олон хүн хуулбарлан, буу шийдэмтэй зургийн хамт түгээж байгаа нь бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн уриалан дуудсан үйлдэл юм. Өөрөөр хэлбэл бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцох тухай Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйл Бүлэглэн гүйцэтгэх, 3.8 дугаар зүйл Зохион байгуулалттай гэмт бүлэг, 3.7 дугаар зүйл Бүлэглэн гүйцэтгэх, 11.1 дүгээр зүйл Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, 13.5 дугаар зүйл Заналхийлэх, 13.10 дугаар зүйл Хувь хүний нууцад халдах, 13.11 дүгээр зүйл Хувь хүний нууцыг задруулах, 13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах, 14.1 дүгээр зүйл Ялгаварлан гадуурхах, 19.7 дугаар зүйл Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх, 19.9 дүгээр зүйл Үндэсний эв нэгдлийг бусниулах, 20.2 дугаар зүйл Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах, 20.3 дугаар зүйл Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, 20.4 дүгээр зүйл Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших, 20.5 дугаар зүйл Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, 20.16 дугаар зүйл Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн гуравдугаар зүйл зэрэг хуулийн маш олон зүйл заалтуудыг илтэд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байгаа хэдий ч бид улс орныхоо эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө үзэл бодлоо илэрхийлсээр, дуугарсаар байх болно.

Салбар бүрийн эрдэмтэн мэргэд, мэргэжлийн шинжээчид, эмч, багш, инженер, сэхээтнүүд сэрэх цаг иржээ. Бид дуугарч, үзэл бодлоо илэрхийлж бурууг засч залруулж бурууд нүд хурц байж улс орныхоо хөгжлийн төлөө дор бүрнээ дуугарахгүй бол ганц нэгээрээ дуугарсан нь нэр төрөө гутаалгаж гүтгүүлж гүжирдүүлж, бүр амь насаа ч алдах нөхцөл байдал үүсээд байна.

Та бид ирээдүй хойч үр хүүхдийнхээ амьдрах тухтай орчин, сэтгэлгээний эрүүл орчны төлөө салбар бүртээ хүчээ өгөн ажиллахын зэрэгцээ үзэл бодол байр сууриа тод хурц илэрхийлдэг байхыг уриалж байна" хэмээжээ.


Н.Тэгшбаяр: Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ