Монгол оюутнуудын гомдлоор БНСУ-ын Үндсэн хуулийн цэц түүхэн шийдвэр гаргалаа

БНСУ-д суралцаж байсан Монгол Улсын хоёр оюутны 2021 онд эхлүүлсэн эрх зүйн маргаан таван жилийн дараа түүхэн үр дүнд хүрч, тус улсын Үндсэн хуулийн цэц гадаадын иргэдийн улс төрийн үйл ажиллагаанд тавьсан өргөн хүрээний хоригийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.

Пүрэв гарагт болсон шүүх хурлаар Цэцийн есөн шүүгчийн зургаа нь уг заалтыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзсэн бол гурав нь эсрэг байр суурь илэрхийлсэн байна.

2021 оны долоодугаар сард буюу БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгааны үеэр тус улсад суралцаж байсан Монголын хоёр оюутан нэр дэвшигчдэд хандан гадаадын иргэдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг зогсоох бодлого хэрэгжүүлэхийг уриалахаар төлөвлөж байжээ. Гэвч 1977 онд батлагдсан Цагаачлалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гадаадын иргэдийг улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглож, зөрчвөл албадан гаргах хүртэл арга хэмжээ авах зохицуулалтын улмаас тэд уг үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон юм. Улмаар үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх нь зөрчигдөж байна хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байна.

Шүүх бүрэлдэхүүн гаргасан шийдвэртээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь зөвхөн БНСУ-ын иргэдэд бус, тус улсад оршин сууж буй гадаадын иргэдэд ч мөн адил хамаарна гэдгийг онцолжээ. Мөн хуульд чухам ямар үйлдлийг "улс төрийн үйл ажиллагаа" гэж үзэхийг тодорхой заагаагүй нь хэт ерөнхий бөгөөд үндсэн эрхийг хэтрүүлэн хязгаарласан гэж дүгнэсэн байна. Харин цөөнхийн санал өгсөн гурван шүүгч олон улсын харилцааны нөхцөл байдлаас шалтгаалан хориглох үйлдлүүдийг урьдчилан жагсаах боломжгүй тул хуулийн хэрэгжилтийг сайжруулах нь зүйтэй гэсэн байр суурь баримталжээ.

Үндсэн хуулийн цэцээс тус улсын парламентад холбогдох хуулийг шинэчлэн батлах хугацааг 2028 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл олгосон бөгөөд энэ хугацаанд одоогийн хууль түр хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв заасан хугацаанд хуульд өөрчлөлт оруулахгүй бол 2029 оны нэгдүгээр сарын 1-нээс уг заалт автоматаар хүчингүй болох юм.

Энэхүү шийдвэр нь гадаадын иргэдэд БНСУ-ын улс төрд бүрэн оролцох эрх олгосон хэрэг биш бөгөөд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиар зохицуулагддаг сонгуульд санал өгөх, намд элсэх, улс төрийн хандив өргөх зэрэг хязгаарлалтууд хэвээр үйлчилнэ. Харин тус улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд өөрсдийн эрх ашиг, хүний эрхийн асуудлаар дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх эрх зүйн орчин ийнхүү баталгаажиж байна.


Монгол оюутнуудын гомдлоор БНСУ-ын Үндсэн хуулийн цэц түүхэн шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0