Боомилж нас барсан цэргийг шүүх дарамтад ороогүй, өрөнд унахаас айсан гэж дүгнэлээ

Шүүгдэгч нь 2022 оны 07 дугаар сард Хилийн цэргийн ангийн малын сууринд хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч нартай дүрмийн бусаар харьцан, зодож хүч хэрэглэсэн, мөн өөрийн шууд удирдлагад буюу эрхшээлдээ байгаа хугацаат цэргийн алба хаагчийг байнга зодож, айлган сүрдүүлсний улмаас хохирогч цэргийн ангийн үхрийг хайж явахдаа өөрийгөө боомилж нас барсан, түүнчлэн дээрх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа хохирогч, гэрч нарыг мэдүүлгээ өөрчлөх, худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүсэлт бичүүлж авсан гэх хэргүүдэд холбогджээ.

Анхан шатны шүүхээс: Шүүгдэгчийг албан тушаалын байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх 2 хэсэгт зааснаар 4 жил хорих ял, цэргийн дүрмийн бусаар харьцаж захирагдагчаа зодсон буюу мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт3 зааснаар 1 жил хорих ял, гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээ ятгасан буюу мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт4 зааснаар 1 жил хорих ял оногдуулж ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс: Шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Прокуророос хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн объектив шинж нь байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн идэвхтэй үйлдлээр илэрхийлэгдэхээр хуульчлагдсан бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Шүүгдэгчийн тухайд цэргийн алба хаагчдыг удаа дараа, байнга загнаж, зодсон үйлдэл нь сэтгэл зүйн шаналал үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдэл байлдагч Б.С-ийг үхэр алга болгосон, үхүүлсэн гэж түүнийг дарамталж, зодохоос өөр ямар нэгэн гарах гарцгүй болсон гэсэн субъектив төсөөллийг бий болгож, амь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн идэвхтэй үйлдэл, амиа хорлосон үр дагавартай шалтгаант холбоотой гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Хяналтын шатны шүүхээс: Шүүгдэгч 2022 оны 07 дугаар сард дээрх нэр бүхий цэргийн алба хаагчдыг “мал хорогдуулсан” болон бусад шалтгаанаар удаа дараа зодож, айлган сүрдүүлсний улмаас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үхэр сүргээс нэг тооны бяруу чононд хазуулсан сургаар байлдагч амиа хорлосон явдалд шүүгдэгчийг гэм буруутай эсэх талаар хоёр шатны шүүхээс зөрүүтэй шийдэл гаргасан нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болов.  Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн объектив талын шинж нь эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн идэвхтэй үйлдэл байхаар хуульчилсан ба гэм буруутай үйлдэл, үр дагаврын хооронд шалтгаант холбоотой байх ёстой.  Гэмт хэргийн объектив үндэслэлд хамаарах нөхцөлийг “... байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн ...” гэх зэргээр хуульд шууд нэрлэн заасан бол хохирогчийн бусдын эрхшээлд байсан нөхцөл байдлыг өргөн хүрээнд авч үзсэн байна. Түүнчлэн гэмт санаа зорилгын хувьд хохирогчийн амиа хорлолтыг хүсэж үйлдсэн, эсхүл ийм үр дагаварт хүрч болохыг ухамсарлан ойлгож, үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй.  

Энэ төрлийн гэмт хэрэгт үйлдэл, үр дагаврын хоорондын шалтгаант холбоог хуулиар тогтоосон хэм хэмжээнд нийцүүлэн, эрх зүйн онолд тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй зөв тогтоох нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Нэг талаас хохирогч танин мэдэхүй, сэтгэцийн хувьд эрүүл оюун ухаанаар асуудлыг үнэлж дүгнээд амьдрах, эсхүл амиа егүүтгэх шийдвэрийн аль нэгийг өөрөө бие даан гаргасан байдаг бол нөгөө талаас шүүгдэгчийн байнгын шинжтэй хүчирхийлэл, дарамт шахалт, нэр төр, алдар хүндийн гутаан доромжлол нь хохирогчийг амиа хорлохоос өөр гарцгүй байдалд хүргэсэн байхыг шаардах бөгөөд эдгээрийн харилцан хамаарал нь шалтгаант холбоогоор илэрхийлэгдэнэ.  Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоохдоо тухайн үйлдэл гараагүй гэж үзвэл үр дагавар бий болохгүй байсан гэж дүгнэгдсэн тохиолдолд үйлдэл, үр дагаврын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ. Шалтгаант холбоог шалгахдаа онолын хувьд үр дагаврыг бий болоход нөлөөлсөн бүх нөхцөл эрх зүйн хувьд адил тэнцүү гэж үнэлэгдэх, таамаглалд үндэслэхийг хориглох, зөвхөн сүүлийн үйлдлээр хязгаарлагдахгүй бөгөөд өмнөх үйлдлүүдийг ч тооцох боломжтой. 

Хэргийн үйл баримтаас үзэхэд хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогчид болон бусад алба хааж байсан цэргүүдэд шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнээс дүгнэхэд 2022 оны 07 дугаар сард шүүгдэгч нь өөрийн удирдлагад алба хааж байсан цэргүүдтэй дүрмийн бусаар харьцаж хүч хэрэглэсэн үйлдэл нь 2022 оны 09 дүгээр сард байлдагч амиа хорлоход гарцаагүй хүргэх хэмжээний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн гэж үзэхэд эргэлзээтэй, тэрбээр үхэр дутаасны улмаас дахин хүчирхийлэл, дарамтад өртөхөөс, эсхүл өр төлбөрт орохоос айж амиа хорлосны аль нь болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй буюу шүүгдэгчийн хүч хэрэглэсэн үйлдэл хохирогчийн амиа хорлох шалтгаан болсон нь нэг мөр тогтоогдоогүй байна. Иймд “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор тогтов. 


Боомилж нас барсан цэргийг шүүх дарамтад ороогүй, өрөнд унахаас айсан гэж дүгнэлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ