Апплейкшний зээлийн бодлогыг чангаруулсан ч, давхар зээлтэй иргэд нэмэгдсээр...

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Монгол Улсын “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-гийн 19 дэх дугаарыг боловсруулж, олон нийтэд хүргэж байна.

Эндээс банк бус санхүүгийн салбарын мэдээллээс онцлон хүргэж байна. 

ББСБ-уудаас олгох иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах зорилгоор СЗХ-ноос бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв. Сүүлийн жилүүдэд ББСБ-ын хэрэглээний зээл олголт хурдацтай нэмэгдсэн бөгөөд 2021-2024 онд дунджаар жилийн 46.2 хувийн өсөлттэй байв. СЗХ-ноос ББСБ-ын хэрэглээний зээлийг хязгаарлах хүрээнд финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны хязгаарлалтыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 70 хувиар мөрдүүлж эхэлсэн. Улмаар тус зохицуулалтад 2024 оны 11 дүгээр сараас эхлэн уламжлалт зээлийг хамруулахын зэрэгцээ автомашин барьцаалсан зээлийн хувьд зээл, үнэлгээний харьцаа (ЗҮХ)-г 70 хувь байхаар тогтоов. Улмаар 2025 оны 3 дугаар сард ӨОХ болон ЗҮХ-ны дээд хязгаарыг тус бүр 60 хувь байхаар шинэчлэн тогтоож, хэрэглээний зээлийн бодлогоо чангаруулаад байна. СЗХ-ны энэхүү шийдвэр нь санхүүгийн зохицуулагч байгууллагуудын бодлогын уялдааг нэмэгдүүлэх, системийн эрсдэл нэг салбараас нөгөөд шилжиж бодлогын нөлөөлөл алдагдах эрсдэлийг бууруулах чухал шийдвэр боллоо. Холбогдох бодлогын арга хэмжээний нөлөөгөөр ББСБ-уудаас олгох хэрэглээний зээлийн өсөлт саарч эхэлсэн боловч өндөр хэвээр байна. Тодруулбал, энэ оны 3 дугаар улирлын байдлаар ББСБ-ын хэрэглээний зээлийн үлдэгдэл 3.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.0 хувиар нэмэгджээ

ББСБ-уудын өр төлбөрийн хэмжээ огцом нэмэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос 2018 оноос хойш хэрэгжүүлж буй ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийн нөлөөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн
хэмжээ 2.8 дахин өсөж, тайлант хугацаанд 2.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс гадна ББСБ-уудын өр, төлбөрийн хэмжээ 2018 оны эцэстэй харьцуулахад 12.7 дахин, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.1 хувиар нэмэгдэж 3.9 их наяд төгрөг болов. Өр төлбөрийн өсөлтийг бүрэлдэхүүнээр авч үзвэл гадаадын банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөгийн өсөлт 8.2 нэгж хувийг, итгэлцлийн үйлчилгээний өглөгийн өсөлт 7.1 нэгж хувийг, дотоодын банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөгийн өсөлт 5.4 нэгж хувийг,  ББСБ-аас гаргасан өрийн бичгийн өсөлт 4.2 нэгж хувийг тус тус бүрдүүлж байна. 

Банк болон бусад санхүүгийн байгууллагын давхар зээлтэй иргэдийн зээл үргэлжлэн өсөж, санхүүгийн салбарт нийтлэг хамаарлаас үүдэлтэй эмзэг байдал өндөр хэвээр байна. Зээлийн мэдээллийн сангийн тоон өгөгдөлд үндэслэн тооцоход 2025 оны 9 дүгээр сарын  эцсийн байдлаар банк болон бусад санхүүгийн байгууллагаас давхар зээлтэй иргэдийн тоо 540.0 мянгад хүрч, 2024 оны эцэстэй харьцуулахад 21.4 хувиар нэмэгджээ. Эдгээр зээлдэгчдийн банкны салбараас авсан зээлийн үлдэгдэл 12.8 их наяд төгрөг, бусад  санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл нь 5.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь банкны хувьд иргэдэд олгосон зээлийнх нь 42.7 хувийг, банкнаас бусад салбарын хувьд иргэдэд олгосон зээлийнх нь 68.1 хувийг тус тус эзэлж байна.


Апплейкшний зээлийн бодлогыг чангаруулсан ч, давхар зээлтэй иргэд нэмэгдсээр...
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ