С.Мөнхсүх: Эхний улиралд дотоодын эдийн засагт 4 их наяд төгрөгийн бодит урсгалыг бий болголоо

Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх өнөөдөр /2026.04.29/ компанийнхаа 2026 оны I улирлын ажлын үзүүлэлт, тойм мэдээллийг танилцууллаа.


Энэ оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхайн зэс, алтны үйлдвэрлэл дээд амжилт тогтоосон буюу үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 91.7 тонн байхаар төлөвлөсөн бол 101.6 тоннд хүрчээ. Мөн үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 113.1 мянган унц байхаар төлөвлөсөн бол 123.1 унц буюу 3.8 тоннд хүрсэн байна. Нэгдүгээр улиралд 1.3 тэрбум ам.долларын орлого олно гэж төлөвлөсөн бол энэ үзүүлэлт 2 тэрбум 55 сая ам.долларт хүрч, чөлөөт мөнгөн урсгал нь 596 сая ам.доллар давсан байна. 

Чөлөөт мөнгөн урсгал гэдэг нь хөрөнгө оруулалт, татвар, цалин зэрэг бүх зардлаа хассаны дараах үлдэгдэл юм. Чөлөөт мөнгөн урсгалын дүн нэмэгдэхэд дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнийн өсөлт сайнаар нөлөөлжээ.



Оюу толгойн уурхайн олборлолт явуулах дөрвөн панел бий. Панел 1 дэх өөрийн лицензтэй талбайд олборлолт явуулж дууссан буюу Онтрэгийн лицензтэй талбайд тулаад панел 1-ийн олборлолтыг зогсоогоод байна. Учир нь Онтрэ-гийн эзэмшлийн лицензийн асуудал шийдэгдээгүй байгаа тул энэ хэсгийн ажлыг түр зогсоож, Оюутолгой өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбай болох панел 2-т олборлолт явуулж эхэлжээ.

Энэ оны эхний улиралд панел 2 хэсгийн огтлох түвшний тэсэлгээ, хүдэр олборлох юүлүүр болон хүдэр татах цэгүүдийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хувиараас өндөр үзүүлэлттэй гүйцэтгэсэн нь уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн гэж Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх танилцуулав.

-2026 оны бизнес төлөвлөгөөнд компанийн чөлөөт мөнгөн урсгалын дүнг хэд байхаар тооцоолов. Үүнийг юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?

-2026 оны төлөвлөлтөөр 2.6 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгал бий болгохыг зорин ажиллаж байна. Чөлөөт мөнгөн урсгалыг авсан зээлүүдээ дэс дараалалтайгаар төлөхөд зарцуулна. Хамгийн түрүүнд 2011 онд 15 банкнаас авсан 4.4 тэрбум ам.долларын зээлийг төлөх зорилготой. 




 

Түүнчлэн, Оюу толгой компани 2026 оны нэгдүгээр улирлаас дараах мэдээллийг албан ёсны сайтдаа илүү дэлгэрэнгүй мэдээлдэг болжээ.

  • Улирлын тайлангаа дэлгэрэнгүй танилцуулдаг болсон.

  • 2025 оны жилийн эцсийн тайлангаа ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан хэлбэрээр дэлгэрэнгүй нийтэлжээ. Зээл болон бусад асуудлыг багтаасан байна.

  • ХөОГ-нд заасан зарим асуудлын талаар мэдээлэл өгдөг, хэрэгжиж, хэрэгжүүлэхээр төлөвлөж онцлох заалтын мэдээллийг багтаажээ. 

2026 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг ЭНД дарж үзнэ үү. 


С.Мөнхсүх: Эхний улиралд дотоодын эдийн засагт 4 их наяд төгрөгийн бодит урсгалыг бий болголоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ