Хөгжлийн банкны гэх шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн шүүх хурал шүүгдэгч, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн үгээр эхэллээ. Шүүх хурал төгсгөлийнхөө шатанд орж шүүгдэгчид шүүхэд эцсийн үгээ хэлж байгаа юм.
Н.Алтанхуяг: -Шүүх хурал болж байгаа энэ Залуучуудын театрын үүдэнд ардчиллын хамгийн анхны цуглаан болж байсан юм. Тэр үед бид манай Монгол орон цаашдаа ингэж явж боохгүй юм байна. Бид бие даасан улс. Иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, эх орондоо сайхан амьдардаг улс болох ёстой гэж байсан юм. Энэ театрын үүднээс ардчиллын салхи сэвэлзэж байсан шиг энэ танхимаас шүүхийн шинэчлэлийн, шударга шүүхийн салхи салхилаасай гэж олон хүн хүсэж байгаа. Хүн болгонд баяр жаргал, зовлон гээд олон зүйл тохиолддог. Шүүх хурал эхэлснээс хойш энд байгаа хүмүүс бараг хамт олон болсон байна. Энэ 80 хүнээс таних хүн цөөхөн байсан. Одоо бол маш олон хүнийг нь таньдаг болсон. Энэ үйл явдал хэн нэгний зовлон, жаргал гэхээс илүү Монголд шүүх, шударга ёсны шинэчлэлийг авч ирсэн үйл явдал болоосой гэж хүсэж байна.
Хоёр сарын хугацаанд асуудлыг бүх л талаас нь ярилаа. Хамгийн түрүүнд өмгөөлөгч нартаа баярлалаа. Манай өмгөөлөгч нар ямар сайн хүний эрхийн мэдрэмжтэй, ямар мундаг мэргэжилдээ эзэн болсон хүмүүс вэ. Энэ танхим дахь гэрэл гэгээ бол манай өмгөөлөгчид.
Энэ шүүх хурлыг нээлттэй хийж өгөөч гэж хамгийн анх хүссэн. Буруутай бол буруутай, буруугүй бол буруугүй гэдгээ олон түмний нүдэн дээр тогтоолгодог байх хэрэгтэй. Ер нь юмыг нууж хаахаар ялзардаг, илжирдэг. Манай Засгийн газар бүх зүйлийг нээлттэй болгохын төлөө ажилласан. Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй болсон. Түүнээс хойш энэ шүүх хурал нээлттэй болж байна. Энэ хурлыг нээлттэй явуулж өгсөн та бүхэнд баярлалаа. Олон дарамт шахалт ирсэн байх.
Хөгжлийн банкны хэрэг гэж байгаа боловч энэ бол эдийн засгийн харилцаа. Хэн ч хүчээр зээл олгоогүй. Харилцан тохиролцоод л өгөлцөж авалцсан асуудал. Гэтэл 80 хүнийг бөөгнүүлээд шүүх рүү оруулаад ирлээ. Энэ бол буруу шүү. Хүний хувь заяагаар тоглож байгаа хэрэг. Хөгжлийн банкийг идэж уусан хулгайч нарын шүүх хурал болж байна гэсэн ойлголт орон даяар явж байна. Үүний далбаан дор хэнийг ч хамаагүй хэлмэгдүүлж боох нөхцөл байдал үүссэнийг шүүгч нар анхааралдаа авна биз. Буруутай гээд алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс ч бий. Хөгжлийн банкны зээлийг төлүүлэх нь зөв. Хөгжлийн банк бол улс төрийн байгууллага биш. 2011 онд хуулийг нь баталж байхад би С.Батболдын Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Монгол Улсын хөгжлийг тодорхойлох томоохон төсөл хөтөлбөрүүдэд зээл олго, олгосон зээлийнхээ араас хөөцөлд гэж хууль баталсан. Гэтэл хөгжлийн банкны нөхөд орж ирээд прокуроруудтай хамт энэ хүмүүсийг яллаад байх юм. Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу, улсын яллагчийн тоог нэмэх гээд байгаа юм уу.
Би хоёр сарын хугацаанд УИХ-ын үйл ажиллагаанд оролцсонгүй. Шүүхийн асуудалтай байгаа учраас эндээ суух нь зөв гэж үзсэн. Гэхдээ УИХ-д ирүүлсэн материалуудтай танилцлаа. Хөгжлийн банкны 2022 оны тайланг УИХ-д ирүүлсэн байна. Энэ тайланд "Хөгжлийн банкны удирдлагууд болон зээлдэгч нартай холбоотой ярилцлага, нийтлэл, мэдээнд мониторинг хийсэн ба давхардсан тоогоор нийт 27287 материал нийтлэгдсэн байна. Үүнээс цахим хуудсанд 6666, фэйсбүүкт 10117, твитерт 9824, өдөр тутмын сонины 380 орчим дугаарт мониториг хийж мэдээ мэдээллийг баримтжуулав" гэсэн байна. хөгжлийн банк зээлийнхээ араас явах ёстой. Гэтэл пи ар хийдэг байгууллага болчихсон юм уу. Зээлдэгч нараа шүүдэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлдөг байгууллага болчихсон юм уу. Ингэж болохгүй. Хэрээс хэтэрлээ. Хөгжлийн банкны гэх энэ хэрэг зээлийн харилцаанаас хэтэрсэн байна. Энэ бол улс төрийн шинжтэй, олон нийтийн тархийг угаах зүйл рүү хазайж хэлбийсэн байна. 27 мянган метариал нийтлэгдэж байхад гэм буруугүй үлдэх хүн байхгүй л дээ.
Гадаадад ажил хийгээд явж байдаг байж гээд зогсож байгаа Хөгжлийн банкны мэргэжилтэн залуучууд, захирлынхаа нэрийг хэлчихвэл чамайг үлдээнэ гэсэн ч хүн чанар гаргаад хүний гүтгээгүйнхээ төлөө энд чирэгдээд ирсэн залуучууд, ТУЗ-д байсныхаа төлөө хоморгонд өртсөн залуучуудыг хараад элэг эмтэрч байна. Асуудлыг нь улам нягтлах ёстой. Мөрдөж байгаа бол мөрдсөн шиг мөрдөх хэрэгтэй. Гэвч үүнийгээ хийхгүй байна. Яагаад гэхээр өнөөдөр Монголын нийгэм хэцүү, юмны үнэ өсөж, цалин, тэтгэвэр нь амьдралд нь хүрэхээ больсонтой холбоотойгоор хүмүүс бухимдалтай байна. Энэ бухимдлыг Хөгжлийн банкны хэрэг гэгчээр дарж болохгүй ээ. Ингэж хүмүүсийн хувь заяагаар тоглож болохгүй. Би буруутай хүмүүсийн тухай яриагүй байна. Эрхэм шүүгчид удаан сонссон учраас ойлгож байгаа байх. Манай Засгийн газар монгол залуус гадаад руу явахын төлөө цэнгэлдэх тойрон дугаарладаг бус гэр бүл, үр хүүхэддээ ойрхон эх орондоо ажиллаад амьдралд нь хүрдэг цалин авдаг болохын төлөө ажилласан. Би бол яахав ээ, олон юманд дундуур явсан хүн. Харин энд шүүгдээд сууж байгаа залуучуудад санаа зовж байна.
Бэлэн байгаа хэрэг рүү хүнийг яаж татаж оруулдгийг энд ярихыг хүсэж байна. Би ямар нэгэн буруу зөрүү зүйл хийгээгүй. Тиймээс өөрийгөө өмөөрөх шаардлага алга. Зээл олгох шийдвэр гаргадаг газар нь Засгийн газар биш. Авлига өгсөн, авсан зүйл байхгүй. Авлига авсан байх гээд тагнан турших ажиллагааг эхнэр дээр минь хүртэл хийсэн. Тэр чинь нотлогдоогүй. Намайг Засгийн газрын шийдвэрээр л буруутгаж байгаа. 2016 оны арваннэгдүгээр сарын 5-нд манай эхнэрийг гадагшаа явах гэж байхад нь хагас сайн өдөр нисэх буудал дээр саатуулсан. АТГ-ын Золжаргал гэдэг нөхөр. Тэгээд хагас сайнд АТГ руу авч явж байцаана гэж дарамталсан. Би арваннэгдүгээр сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдэх гээд төлөвлөж байсан. Намайг үргэлж тагнаж чагнадаг юм шиг байгаа юм. Өмгөөлөгч явуулж байж эхнэрээ гэртээ авч ирсэн. Гэтэл хоёр сарын турш манай эхнэрийг нэг ч дуудаагүй.
Би бол нэртэй хүний зүстэй хүүхэд. Манай Увсынхан Норовын найман хүүхэд байдаг. Тэдний хүүхдүүд хүмүүжилтэй, сурлагтай гэж аймагтаа яригддаг хүмүүс. Миний амьдралд мартагдашгүй үлдсэн олон он сар бий. 2017 оны нэгдүгээр сарын 26-нд намайг яллагдагч болгосон. Ингэх нь ч аргагүй. Гурав хоногийн дараа АН-ын даргын төлөө өрсөлдөж буй гурван хүний дунд сунгаан болох гэж байсан юм. Харин Хөгжлийн банкны хэрэг 2018 онд үүссэн юм билээ. Гэтэл намайг гишүүн болсны дараа энэ хэрэгт татан оролцуулсан. Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх гэж үзсэн. Гэвч тэр асуудал нь нурсан. Тиймээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дэмжсэн гэдэг асуудлаар буруутгаж эхэлсэн. Одоо намайг энэ асуудлаар яллаж байгаа. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн Засгийн газрынхаа шийдвэрээр шүүгддэг байдал надаар дуусах болтугай. Шүүхэд итгэх ард түмний итгэл сэргэнэ гэж найдаж байна.
Н.Алтанхуяг: ЗГ-ынхаа шийдвэрийн төлөө шүүгдэх Ерөнхий сайд надаар дуусах болтугай |
2025-04-14 12:09:15
2025-04-14 10:19:41
2025-04-11 13:05:56
2025-04-14 12:28:15
2025-04-14 12:09:15
2025-04-14 12:03:48
2025-04-14 11:30:08
2025-04-14 11:12:35
2025-04-14 11:06:38
2025-04-14 10:54:56
2025-04-14 10:50:03
2025-04-14 10:19:41
2025-04-14 10:00:19
2025-04-14 09:43:43
2025-04-14 09:28:19
2025-04-14 09:22:54
2025-04-14 09:19:28