Ц.Даваацэрэн: Нүүрс тээврийг төмөр замд шилжүүлж, усны асуудлыг шийдлээ

ор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт слесариар ажлын гараагаа эхэлснээс хойш Монголын хүнд уул уурхайн салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа “Тавантолгойн түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнтэй уулзаж ярилцлаа. Хэмнэлтийн хуулийн дагуу тэрбээр нэг жилийн гэрээтэй тус компанийн захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе. 

- “Тавантолгой түлш” компанид нэг жилийн хугацаанд ажлын үр дүн хэр гарав. Ийм богино хугацаанд юу хийж амжуулав. Асуудал шийдэхэд хангалттай хугацаа байж чадав уу, арай бага цаг хугацаа юу, үгүй юу? 

- Итгэж томилсон ажил болохоор цаг хугацааны урт, богино хамаагүй дээ. Хамгийн гол нь цаг хором бүрийг үр бүтээлтэй ашиглаж, ажлын ард гарах нь чухал. Мэдээж ийм богино хугацаанд асуудлуудыг өргөс авсан мэт шийдэхгүй. Гэсэн ч энэ хугацаанд компанийн үйл ажиллагааг зөв хандлага, зөв голдиролд нь орууллаа. Үндсэндээ компанийн засаглалыг зөв хэлбэрт нь оруулах гэж их хичээлээ гэсэн үг. Анхнаасаа “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагааг богино хугацаанд эхлүүлсэн учраас алдаа оноо байсан нь тодорхой. Тийм хэдий ч 2018 оноос хойших дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотыг шахмал түлшээр хангадаг үйлдвэр, бүтэц, хэрэглээг бол бий болгожээ. Өнөөдөр Улаанбаатар хотын 200 мянга орчим айл өрхийг шахмал түлшээр хангаж байна. Энэ бол компанийн үндсэн үүрэг. Үүнийгээ бол биелүүлж байгаа.  

- Шахмал түлш гэж та ярилаа. Иргэд бол сайжруулсан түлш, утаагүй түлш гэж нэрлэдэг. Ингэж нэрлэж хэвшсэн шүү дээ? 

- Утаагүй, сайжруулсан түлш гэж анхнаасаа ярьсан нь өрөөсгөл ойлголт болсон. Огт утаагүй түлш биш л дээ. Ер нь бол нүүрс. Нүүрснээс утаа гарч л таарна. Энэ талаар төгсгөл рүү хэлье. Одоо үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн хүчин чадлын талаар эхлээд хэлэх юм байна. 

- За ойлголоо... 

- Тэгэхээр 2018 онд үйлдвэр анх байгуулагдахдаа, БНХАУ-аас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Тэгэхдээ бүрэн автоматажсан биш, гар тохиргоо олонтой, үндсэндээ бараг хэрэглээнээс гарч байсан шахуу дамжлагуудыг авчирч угсарсан юм байна.  

- Техник, технологи талаасаа тааруу эхэлжээ гэж ойлгох уу? 

- Техник талаас нь ярьж байна. Технологийн хувьд бол Энержи ресурсийн баяжуулах үйлдвэрт угаасан, завсрын нүүрс гэж ярьдаг, угтаа бол эрчим хүчний нүүрсийг авчирч нунтаглаад, барьцалдуулагч холиод, шахаж байгаа энгийн технологи. Тийм болохоор технологи талаасаа сайн, муу гэж ярих шаардлагагүй. Техник талаас нь яримаар байгаа юм. Ингэж зүйрлэе, Жип машин, УАЗ 469 хоёр адилхан машинууд, хүмүүс унаж ашигладаг биз дээ. Тэгсэн хэрнээ хоорондоо айхавтар ялгаатай. “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа техник, дамжлагууд нь яг ийм л ялгаатай техникийн шийдлээр явж байна. Гэхдээ Жип машинаар биш УАЗ 469 машинаар явж байгаа гэсэн үг. Их тааруу. 2020 онд Налайхад 600 мянган тонны хүчин чадалтай автоматажсан үйлдвэр барихаар төлөвлөж, “Эрдэнэс Тавантолгой” компаниас хөрөнгө оруулж энэ үйлдвэрийг барьсан байдаг. 

- Нөгөө зүүн бүсийн үйлдвэр гэж яригддаг, хамгийн том үйлдвэр нь үү? 

- Тиймээ. Анх төлөвлөж байсан ТЭЗҮ-ийнхээ дагуу эхэлсэн. Тухайн үед Ковид, хил, гаалийн хүндрэлтэй асуудлууд үүссэн. Тийм учраас анх төлөвлөж байсан техникийн нөхцөлөөрөө автоматажсан, орчин үеийн үйлдвэрийг барьж чадаагүй. Зорилго нь бол эхлээд баригдсан Баруун үйлдвэрээсээ хамаагүй илүү автоматажсан, бүтээмж өндөртэй, бага зардлаар ажиллах үйлдвэр босох ёстой байсан юм билээ. Харамсалтай нь чадаагүй.  

- Баруун үйлдвэр гэснээс тэр үйлдвэрийн чинь хүчин чадал, ажиллах нөхцөл, байгаль орчин, иргэдэд үзүүлэх хор нөлөө байнга шүүмжлэл дагуулж байгаа. Тэр хэзээ сайжрах вэ? 

- Шүүмжлэл бол бодитой. Баруун үйлдвэрийг яагаад зогсооно гэхээр нэгдүгээрт хотын баруун захад, 22 товчооны урд иргэдийн суурьшлын бүсэд байрлаж байгаа. Тэр хавийн иргэд, аж ахуй нэгжүүдийн зүгээс шаардлага тавьж байгаа. Орчин үеийн автоматажсан үйлдвэр биш учраас ажлын байрны нөхцөл хүнд. Маш их тоосжилттой. Орчны бохирдол үүсгээд байгаа юм. Тийм учраас баруун үйлдвэрийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд энэ шийдвэр гарсан. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч үүнийг байнга тавьдаг.  

- Тэгээд баруун үйлдвэрийг зогсооход зүүн үйлдвэр нь Улаанбаатар хотын хэрэглээг хангаж дийлэх үү? 

-Зүүн үйлдвэр нь тийм хэмжээний хүчин чадалтай биш болчихсон. Тийм болохоор баруун үйлдвэрээ хааж чадахгүй байна. Өнгөрсөн өвөл бид баруун үйлдвэрийнхээ ачааллыг бага зэрэг бууруулсан. Зүүн үйлдвэрийн хүчин чадлыг боломжийнхоо хэрээр нэмэгдүүлэх, ачааллыг нэмэх чиглэлээр голлон анхаарч ажилласан.  

- Ер нь тэгээд сайжруулсан түлшний үйлдвэрүүд дээр юу нь болохгүй, доголдоод таныг авчирч тавьсан юм бэ. Та тэгээд ямар ажлууд амжуулав, юу шийдэв? 

- Цаг алдалгүй хийх ёстой, зайлшгүй шийдэх ажлууд гарч ирсэн. Эрчим хүчний нүүрсийг Энержи ресурсийн уурхайгаас нааш нь зөөхдөө өнгөрсөн хугацаанд үргэлж автомашинаар тээвэрлэсэн. Өмнөговь, Дундговийг дамжсан ганц засмал замыг үндсэндээ манайхан сүйдэлсэн шүү дээ. Энэ бол орон нутгийн иргэдийн зүгээс маш их гомдол санал дагуулсан, байгаль орчинд халтай байсан. Тэгээд өнгөрсөн онд Засгийн газраас, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавраар авто тээврийг төмөр зам руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингээд Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам хамтраад энэ асуудлыг шийдэхээр үзэж тарсан. Ямар ч байсан өнгөрсөн 2022 оны 12 сар гэхэд авто тээврийг бүрэн зогсоож, нүүрсний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлж чадлаа. Одоо нүүрсний нөөцөө нэмэгдүүлэхийн тулд вагоны тоог нэмэгдүүлэх, вагон ашиглалтыг сайжруулах ажлууд байна.  

- Төмөр замын тээвэр амаргүй байгаа биз дээ. Бөөн асуудал дагуулсан газар. Гэхдээ ямар ч байсан төмөр замаар тээвэрлэдэг болсон юм байна? 

- Мэдээж амаргүй. 250 вагоноор тасралтгүй явж байгаа. Нэг вагоны эргэлтийн хугацаа 12-13 хоног, нэг явалтдаа 50 вагон. Энэ хугацаа жаахан урт байгаа нь нөгөө зүтгүүрийн, бас төмөр замын ачаалалтай холбоотой. Гэхдээ болгоод л байгаа. Ирэх жил ч болно гэж тооцож төлөвлөж байгаа. Энэ бол “Тавантолгой түлш” компанийн хувьд том шат ахисан, дэвшилттэй ажил болсон.  


Ц.Даваацэрэн: Нүүрс тээврийг төмөр замд шилжүүлж, усны асуудлыг шийдлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ