Д.Сумъяабазар дарга огцрох болзлоо хангачихав уу

-Бэлтэй цөөнхөд таалагдсан шийдвэр улс төрийн оноо авчирдаггүй-

Нийслэлээс буруу хүрдтэй, насжилт өндөртэй автомашиныг хориглох, хотын төвийн замыг өндөр төлбөртэй болгох, дугаар олгох ажлыг нийслэл өөрөө хариуцах зэрэг арга хэмжээг хуулиар олгосон эрх үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх болсноо танилцуулсан билээ. Яах аргагүй л хүлээгдэж байсан, хийх ёстой ажил. Зорилгоо харин авто замын түгжрэлийг бууруулах зорилготой холбосон нь гайхаш барж орхилоо. Автоматаар цөөлчихвөл дахиад авч чадахгүй гэж бодмооргүй юм. Дарга нарын ярьдаг шиг Монгол улс хөгжиж л байгаа, хүн амын орлого цаашид өсөн нэмэгдэх нь үнэн л бол хүмүүс машинаа хуулийн дагуу болгоод, тогтоосон төлбөрийг нь төлөөд зорчиж л таарна шүү дээ. Энэ талаас нь харвал эрх баригч нам улсаа хөгжүүлнэ, иргэдээ баяжуулах сонирхол цаашид байх юм уу үгүй юм уу гэдэг асуудал руу орчих гээд болдоггүй. Тиймээс ингээд орхичихье. Дугаар олголтыг Нийслэл мэдэлдээ авна гэдэг ч харьяаллын хувьд зүйтэй мэт боловч зам барихын оронд автомашины тоог механикаар барьж аргацаахгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ. Тусдаа байвал Нийслэлд ядаж л зам нэмж барихад нь ташуур өгөх юм даа. Нийслэл өмнө нь машины тоог автоматаар буулгах тактик хэрэглэсэн ч улам нэмчихсэн сургамж хуучраагүй байна.   

Э.Бат-Үүлийн баг эрх  мэдлээ хүлээж авмагцаа автомашиныг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Анх гаргахдаа “Гудамж төсөл” хэдэн уулзвар застал жаахан тэсчих. Арваннэгдүгээр сар гэхэд түгжрэл бүрэн арилчихна, тэр үед дураараа яваарай” гэж байснаа дараа нь ноёны бөх шиг хоёр, гурав дахин санал асуулга авахуулж байгаад “мөнхийн” болгож орхисон энэ захирамж эхэн үедээ замын бөглөөсийг арилгаж үнэхээр чадаж байсан. Харин одоо ач холбогдол нь хэвээр ч иргэдээ ялгаварласан, хувийн өмчийг хэрэглэхийг нь боогдуулсан тэр нэг шинж чанар нь улам бүр тодроод байдгийг хэн ч хэлнэ. Анх дугаараар хязгаарлалт хийх санал гарахад хоёр машинтай, дахиад нэг машин авчих чадалтай улсууд гараа өргөн дэмжсэн. Явцдаа  нэг машинтай нөхдүүд дугаарын хязгаарлалтыг давахын тулд дахиж машин авсаар одоогийн 650 000 машинтай болох нөхцөл байдал үүссэн нь худлаа биш.

Цар тахал, БНХАУ-ын хилийн худалдааны хязгаарлалт зэргээс үүдээд иргэдийн худалдан авах чадвар сүүлийн үед эрс муудаад байгаа энэ үед хязгаарлалт, хааж боосон, ялгаварласан шинжтэй шийдвэр гарсанд иргэд дурамжхан байна. Автомашин бол хүн бүр авч чадахгүй ч, чадалтай хүн бол хэрэгцээ гарвал хэдийг ч авч болох бараа. Чухам энэ байдлаас болоод ганц тэрэгтэй борчуул нь машин сольж унах чадалтай нөхдийг чөлөөтэй, саадгүй зорчуулахын тулд долоо хоногийн нэг өдөр хотын замыг чөлөөлөх үүрэг хүлээж буй. Гэхдээ ийм доромжлолыг хэн л удаан хүлээж тэвчих билээ. Боломж гарангуут зөв талдаа хүрдтэй, шинэвтэр машин авахаар мөнгөө хурааж эхэлнэ биз дээ. Угаасаа ч тэгж байна. Эцсийн үр дүн нь адилхан, зам буцаад дүүрнэ ээ л гэсэн үг. Тиймээс дараа, дараагийн төлөвлөгөөгөө бушуу түргэн танилцуулахгүй бол амьтны ам хэл буруу тийшээ эргэж, хотын удирдлагууддаа сүжиг буурч мэдэх нь.

Төрийн хууль шийдвэр алсыг харсан, олон давхар бодолцсон байх учиртай. Дээр хэлсэнчлэн, иргэдэд хоёр машинтай болох сэдэл төрүүлсэн гэдэг утгаараа Э.Бат-Үүлийн тарьсан балгийг одоо Д.Сумъяабазар үүрч байгаа. Тэгвэл одоо Д.Сумъяабазарын тарьсан гайг 21 аймгийн Засаг дарга нар үүрэх эрсдэл бий болчихоод байна. Д.Сумъяабазар даргын төлөвлөгөөгөөр, хотод бүртгэлтэй 650 000 автомашины “хөгшин” нь 21 аймагт очиж насаа гүйцээж “амь тавих” ёстой. Аймгуудын зам гэж юу билээ, хотод бол хорооллын доторх зам шиг л нарийхан байдаг шүү дээ. Ингээд үр дүнд нь хот ч түгжрэлтэй /хүрд сольж, ончилж хаслаа гээд автомашины тоо буурах баталгаа байхгүй. Нийтээрээ улам ядуурсаар байх нөхцөлд л боломжтой/, 21 аймаг нь ч түгжрэлтэй болох замдаа явж байна даа.  

Муу санасандаа ингэж хэлж байгаа юм биш шүү. Олонх бол олонх л байдаг. Энэ шийдвэрээрээ Д.Сумьяабазар дарга огцрох болзлоо хангасан ч байж магадгүй. Хамгийн өнгөцөөр бодоход л Хотын даргын эхний шийдэл Үүл даргын үед, дугаарын хязгаарлалт анх тавигдахад “Тэгш сондгойгоор нь хязгаарлачихаасай” гэлцэж байсан нийслэлийн бийлэгжүү гэгдэх, гэхдээ цөөнх  хэсэгт л онцгой таалагдаж байгааг баттай хэлж чадах байна. Цөөнхөд таалагдсан ийм шийдвэр улс төрийн оноо авчирдаггүй. Улс төрийн замналаа эрсдэлд оруулсан ч хамаагүй ээ, хийнэ гэж зүтгэж байгаа бол энэ зоригийг нь үнэлээд хоёр гараа өргөн дэмжихэд бэлэн байна.  


Д.Сумъяабазар дарга огцрох болзлоо хангачихав уу
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ