Индонезид болж буй тэмцэлд дор хаяж найман хүн амиа алдаж, 1240 хүн баривчлагджээ

Өнгөрсөн долоо хоногт Индонезид олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш дор хаяж найман хүн амиа алдаж, 20 хүн сураггүй алга болсон байна.

 Хэдэн зуун хүн шархдаж, нийслэл Жакарта хотод 1240 хүн баривчлагджээ. 

Даваа гарагт парламентын гадна хэдэн зуун хүн цугларч, өөр хэд хэдэн хотод мөргөлдөөн гарсан тухай мэдээлсэн тул цэргийн хүчийг Жакарта даяар байрлуулсан байна.  

 

Эдийн засгийн хүндрэл нэмэгдэж, жирийн иргэдийн тэмцэлд хайхрамжгүй хандсан бодлого, өрөвдөх сэтгэл дутсан 

 улс төрийн элитүүд зэрэг нь олон нийтийн уур хилэнг өдөөж байна.  Дэлхийн банкны мэдээллээс харахад Индонезийн ажиллах хүчний 60 орчим хувь нь тогтвортой орлогогүй, нийгмийн хамгаалалгүй албан бус салбаруудаас хамааралтай хэвээр байна. Нийгмийн дундаж давхарга хумигдаж байгаа нь асуудлын улам дордуулжээ. Сая сая хүмүүс орлого шууд ядууралд хүрчээ.

 

Эдийн засаг, хууль зүйн судалгааны төвийн (CELIOS) тоо баримтаас үзвэл, сүүлийн таван жилийн хугацаанд бараг 10 сая Индонезичуудын амьдрал доройтож буй нь ажиглагдсан. Үүний зэрэгцээ, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, ажлын байр багасч, 2025 оны эхэн үеэс 42,000 гаруй хүн ажилгүй болсон байна.  Зургадугаар сард Индонезийн засгийн газар "олон нийтийн үймээн самуун"-аас болгоомжилж, цомхотгол хийх тухай албан ёсны мэдээллийг гаргахаа больсон.

 

Парламент нь хууль тогтоогчдын орон сууцны тэтгэмжийг сард 50 сая рупиа (ойролцоогоор 10 сая гаруй төгрөг) хүртэл нэмэгдүүлэхийг батласанд олон нийтийн уур бухимдал улам гүнзгийрсэн нь Индонезийн нэг хүнд ногдох сарын орлого ердөө 6,5 сая рупиа (1 сая 400 мянга орчим төгрөг) байдгаас эрс давсан үзэгдэл юм.

 

Пүрэв гарагт эсэргүүцлийн жагсаал болж байхад мото таксины жолооч 21 настай Аффан Курниаван цагдаагийн машинд мөргүүлж нас барсан нь асуудал даамжрахад хүргэжээ. Үндэсний цагдаагийн хөдөлгөөнт бригадын хуягт машин жагсагчдын дунд гэнэт давхиж, Курниаваныг мөргөсөн гэж гэрчүүд орон нутгийн телевизэд ярьжээ. Курниаван тухайн үед хоол хүнс хүргэх захиалгаа дуусгах гэж байсан гэж мэдэгджээ. Хэрэгт холбогдуулан долоон алба хаагчийг нэмэлт мөрдөн байцаалтад саатуулжээ.

 

Жагсагчдын эсрэг хүчирхийлэл идэвхжихийн хэрээр шаардлагын жагсаалт өргөжиж байв.  Иргэд “17+8” гэх хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн. Жагсагчид долоо хоногийн дотор яаралтай 17 асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газраас шаардсан байна. Үүнд Аффан Курниаваныг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах баг бүрдүүлэх, иргэдийн тэмцэлд цэргийн оролцоог зогсоох, баривчлагдсан жагсагчдыг суллах, жагсаалын үеэр хүчирхийлэл үйлдсэн хэрэгт хариуцлага хүлээсэн офицеруудыг яллах, цагдаагийн харгислалыг таслан зогсоох зэрэг орно. 

 

Мөн иргэд Индонезийн парламент, улс төрийн намууд, үндэсний цагдаагийн байгууллагыг шинэчлэх зэрэг бүтцийн чанартай найман шаардлага тавьжээ. Тэд Засгийн газарт шаардлагаа нэг жилийн хугацаанд багтаан шийдвэрлэхийг хүссэн байна. Индонезийн улс төрийн намууд эсэргүүцлийн жагсаалыг зогсоохын тулд маргаантай байсан орон сууцны тэтгэмж зэрэг зарим хууль тогтоогчдын хөнгөлөлтийг бууруулахаар тохиролцсон гэж ерөнхийлөгч хэлэв. Ерөнхийлөгч Прабово Субианто Индонезийн улс төрийн найман намын удирдагчдын хамт ням гарагт нийслэл Жакартад болсон телевизийн хэвлэлийн бага хурал дээр парламентын гишүүдийн орон сууцны тэтгэмжийг бууруулах, гадаадад хийх айлчлалыг зогсоохоор тохиролцсон тухайгаа мэдэгдэв.

 


Индонезид болж буй тэмцэлд дор хаяж найман хүн амиа алдаж, 1240 хүн баривчлагджээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ