Хараагаа хамгаалж байна уу, эсвэл бизнесийн золиос болж байна уу

Хараа бол хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй эрхтний нэг бөгөөд бид аливаа зүйлсийг хараагаараа мэдэрч, суралцаж, ажиллаж, амьдралынхаа ихэнхийг өнгөрүүлдэг. Тиймдээ ч хараа муудах нь зөвхөн нүдний өвчний асуудал биш, хүний сэтгэл зүй, амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Гэвч өнөө үед манай хот, хөдөөгийн гудамж бүрт “хараа шалгана”, “шил хийж өгнө” гэсэн зар байнга тааралдаж, иргэд амар хялбар аргаар асуудлаа шийдэх гэж ийм газруудыг сонгодог нь түгээмэл үзэгдэл болжээ. Гэтэл хараа шалгах төхөөрөмж байлаа гээд түүгээр ажиллаж буй хүн нь мэргэжлийн нүдний эмч биш, зөвхөн түргэвчилсэн сургалтанд хамрагдсан эсвэл бүр огт мэргэжлийн бус бол буруу онош тавих, буруу шил зүүлгэх эрсдэл маш өндөр байдаг. Ингэснээр хараа нь хэвийн эсвэл бага зэрэг муудсан хүнд өндөр градустай шил хийж өгснөөр нүдний булчинд илүүдэл ачаалал үүсэж, цаашдаа хараа улам доройтох нь элбэг. Ялангуяа хүүхдүүдэд буруу шил зүүлгэх нь нүдний хэвийн хөгжлийг сааруулж, насан туршийн асуудал үүсгэх аюултай. Үүнээс гадна зөв онош тавигдаагүйгээс катаракт, глаукома, эвэрлэгийн эмгэг зэрэг далд өвчнүүд оношлогдолгүй үлдэж, хожуу шатандаа хүндрэх тохиолдол ч цөөнгүй гарч байна.

Хараа зүйн төвүүдийг зөвхөн шил худалдах газар бус, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэж ойлгох учиртай. Ингэхийн тулд нэн түрүүнд хараа шалгах, онош тавих ажлыг мэргэжлийн офтальмологич болон оптометрист хийх шаардлагатай бөгөөд зөвхөн шил зарах худалдаачин биш хүний эрүүл мэндийн хариуцлагыг хүлээдэг боловсон хүчин ажиллах ёстой. Мөн оношилгоонд ашиглах төхөөрөмжийг зөвхөн автомат рефрактометраар хязгаарлах бус, эвэрлэгийн зузаан, нүдний даралт, харааны мэдрэл зэргийг хэмжих иж бүрэн тоног төхөөрөмжтэй байх хэрэгтэй. Энэ бүхнээс гадна хараа зүйн төвүүд нь Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн хяналтын байгууллагын тусгай зөвшөөрөлтэй, тогтмол хяналт дор ажиллах ёстой ч өнөөдрийн нөхцөлд олон газар зөвхөн худалдаа эрхлэх зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж буй.

Иргэд өөрсдөө ч мэдээлэлтэй байж, сонголтоо зөв хийх нь чухал. Хямдхан, түргэн шуурхай гэсэн урианд хууртаж мэргэжлийн бус газрыг сонгосноор эргээд хэд дахин их зардал, эрсдэл учирч болдгийг ойлгох шаардлагатай. Хараа муудах шинж тэмдэг илэрмэгц шууд нүдний эмчид үзүүлэх, хүүхдийн хараа шалгуулахдаа заавал офтальмологичид хандах, шил хийлгэхээс гадна нүдний эрүүл мэндийг бүхэлд нь шалгуулж хэвших дадалтай болох нь чухал. Харин бодлого, зохицуулалтын хувьд хараа зүйн төвүүдийн ангиллыг тодорхой болгож, иргэдийн эрүүл мэндэд аюул учруулахуйц мэргэжлийн бус газруудыг хаах, олон нийтэд нүдний эрүүл мэндийн талаарх мэдээлэл, сургалтыг тогтмол явуулах шаардлагатай нөхцөл байдал үүсээд байгааг анхаарах нь хамгийн чухал асуудлуудын нэг болоод байгаа юм.

Эцэст нь хэлэхэд, хараа бол хүний амьдралын чанарыг тодорхойлогч үнэт зүйл бөгөөд хэдхэн минутын буруу оношилгоо, хямд үйлчилгээний сонголт насан туршийн хараагүйдэлд хүргэх аюултай. Тиймээс хараа зүйн төвүүдийг “шил зардаг дэлгүүр” гэж харахаа больж, “нүдний эрүүл мэндийг хамгаалагч байгууллага” гэдэг утгаар нь ойлгож, шаардлагатай хяналт, стандарт, мэргэжлийн түвшинг бүрдүүлэх цаг иржээ.

Ц.Номт


Хараагаа хамгаалж байна уу, эсвэл бизнесийн золиос болж байна уу
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ