Баян-Өлгийн МАН-ын хурлыг төв намаас нь томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч, тулах багана болсон 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин МАН нь намын бүх шатны байгууллагын аливаа үйл ажиллагаанд гишүүдийн идэвхтэй оролцоог хангах, хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилалтай байх, иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалах, намын ажлыг ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулах зарчимтай байх талаар намын дүрэмд тодорхой заасан байдаг.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга, намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бауыржан нь намын дүрмийг зөрчиж, намын мянга мянга гишүүдийг үл хүндэтгэн нэг талыг баримталж, өөрийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулж, намын удирдах байгууллагыг сонгож байгуулах сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод, нээлттэй, чөлөөт өрсөлдөөний зарчмаар явуулахгүй байгааг эгэл жирийн гишүүд нь эсэргүүцэж эхэлсэн аж. 

Тухайлбал, МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны нэгдүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хурлаар  аймгийн МАН-ын хороо төлөөлөгчдийг сонгох журам болон Бага хурлын товоо тогтоохдоо намын гишүүдийн оролцоог хангаагүй, анхан шатны байгууллагуудын бүх гишүүдийн хурлыг хийлгэхгүйгээр зөвхөн тэргүүлэгчид нь Бага хуралд оролцох, төлөөлөгчдийг сонгохоор журамласан байсныг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Бага хурлыг намын үндсэн шинэ дүрмийн хүрээнд зохион байгуулах талаар намын нэр бүхий гишүүд намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бауыржан болон намын хорооны тэргүүлэгчдэд 2 удаа шаардлага хүргүүлсэн ч Бага хурлын товыг тодорхой бус хугацаагар хойшлуулсан гэх үл тоомсорлон байдалтай хариу өгчээ. Намын гишүүдэд үл хүндэтгэх байдлаар хариу өгч байгааг  хууль бус гэж үзсэн намын эгэл жирийн гишүүд нь Намын дээд шатны байгууллага, Намын удирдлагуудтай биечлэн уулзахаар нэр бүхий гишүүд Улаанбаатар хотод очиход МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Т.Билэгсайхан нар хүлээн авч уулзсан аж.

МАН-ын удирдлагууд Баян-Өлгий аймгийн шударга бус үйлдлийг таслан зогсоох талаар дорвитой арга хэмжээ авч ажиллах талаар илэрхийлсэнд эгэл жирийн гишүүд нь туйлаас баярлаж, "“Шударга ёс” гэж байдаг юм байна, намын гишүүдийн үгийг сонсдог удирдлагууд байдаг юм байна" гэдгийг мэдэрсэн талаараа намынхаа жирийн гишүүдэд дуулгасан гэх.

Түүнчлэн аймгийн намын Бага хурлыг гуравдугаар сарын 10-ны өдөр хуралдуулахаар товлож, намын нарийн бичгийн дарга Н.Энхбаатараар ахлуулсан ажлын хэсэг аймагт ирж өөрсдөө хянан зохион байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, намын гишүүд нь аймгийнхаа хөгжлийн төлөө, нийтийн ашиг сонирхлын төлөө, шударга ёсны төлөө гэсэн намын эв нэгдлийг хангаж ажиллах үнэнч сэтгэлтэй хүнийг ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар намын даргаар сонгох боломж бүрдсэн бөгөөд нэг хүний дарангуйллаас гарах боломж бүрдсэн байна. 


Баян-Өлгийн МАН-ын хурлыг төв намаас нь томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ