BTS-ийн тоглолтуудыг 80 гаруй орны кино театруудаар шууд дамжуулна

Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлагийн Тайвань, Индонезод хийх хоёр тоглолтыг дэлхийн 80 гаруй улс, бүс нутгийн кино театруудаар шууд дамжуулахаар болсон тухай тус хамтлагийн харьяалагддаг “Big Hit Music” агентлаг мэдээллээ.

Хамтлагийн шүтэн бишрэгчдэд зориулсан “Weverse” цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, 11 дүгээр сарын 21-нд Тайванийн Гаошюн хотод болох хоёр дахь өдрийн тоглолт болон 12 дугаар сарын 29-нд Индонезын Жакарта хотод хийх гурав дахь өдрийн тоглолтыг кино театруудаар дамжуулах ажээ.

Гаошюн хотод болох тоглолтыг дэлхийн хэмжээнд 3300 орчим, Жакартагийн тоглолтыг 2800 орчим кино театрын дэлгэцээр үзүүлэхээр төлөвлөжээ. БНСУ-ын үзэгчид эдгээр тоглолтыг “CGV”, “Lotte Cinema”, “Megabox” зэрэг кино театрын гурван томоохон сүлжээгээр үзэх боломжтой байна.

“Big Hit Music” агентлагийн мэдээлснээр, улс орнуудын цагийн бүсийн ялгааг харгалзан үзвэрийн хуваарийг зохицуулах бөгөөд зарим бүс нутагт тоглолтын бичлэгийг нэгээс хоёр хоногийн дараа үзүүлнэ.

Эдгээр тоглолтыг “BTS” хамтлаг дэлхийг тойрох аялан тоглолтынхоо хүрээнд Ази тивд хийж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 19-нд Тайванийн Гаошюн хотоос эхэлнэ. Долоон гишүүнтэй тус хамтлаг Бангкок, Куала-Лампур, Сингапур зэрэг таван хотод нийт 15 удаа уран бүтээлээ толилуулна.


BTS-ийн тоглолтуудыг 80 гаруй орны кино театруудаар шууд дамжуулна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0