Хөгжмийн зохиолч Г.Дарамзагд гуайн охин Оюун (Ph.D) цахим хуудсаар ийн бичжээ. Тухайн бичвэрийг бүрэн эхээр нь нийтэллээ.
“Саваагүй нохой саранд …..” гэгчийн үлгэрээр бодол санаагаа хуваалцаж буй минь өрөөсгөл сонсогдож магадгүй, уучлаарай! Гэвч сүүлийн үед Монголын хөгжмийн зохиолчдын тухай хэдэн үг хэлмээр санагдаад болдоггүй ээ! Энэ цагт зарим хөгжмийн зохиолчдыг харахад үнэхээр биширмээр авьяаслаг нь ч байна. Бас “өөрийгөө хөгжмийн зохиолч хэмээн нэрлэгчид” ч байх юм?! Социализмын үед Монголын хөгжмийн зохиолчид их өндөр соёл боловсролтой, нийгмийг соён гэгээрүүлэгч, жинхэнэ сэхээтнүүд байлаа.
Тэд зөвхөн уран бүтээл туурвихаас гадна ард түмний хөгжмийн боловсрол, соёл, хүмүүжилд онцгой анхаарч, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байв. Тухайн үед төр засаг ч урлагийн салбарыг бодлогоор дэмжиж, хөгжмийн уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлдэг байж дээ. “Соёл” сэтгүүл сонин хэвлэлүүдэд хөгжмийн шүүмж, судлалын бүтээл тогтмол нийтлэгдэж, шинээр төрсөн уран бүтээлийг мэргэжлийн түвшинд үнэлдэг тогтолцоо бүрэлдсэн байсан юм. Гэтэл 21-р зууны энэ үед хөгжмийн зохиолчдын дунд мэргэжлийн түвшний ялгаа асар их болжээ. Тун харамсалтай. Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа Х.Мөнх-Ертөнц, Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл, Б.Мөнхболд зэрэг олон хөгжмийн зохиолчид дэлхийн түвшинд үнэлэгдсэн ч Монгол төрдөө үнэлэгдэхгүй, дэмжлэг ч авч чадахгүй байна.
Төрийн дээд шагналуудын ихэнх нь нийтийн дуу, рок поп, хошин урлагийн төлөөлөгчдөд олгогдож, харин мэргэжлийн сонгодог хөгжмийн зохиолчид үл тоомсорлогдсоор байгаа нь ТОМ ГАЖУУДАЛ юм. Гэтэл сонгодог урлаг бол олон зуун жилийн түүхтэй, академик шинжлэх ухаанд тулгуурласан мэргэжлийн урлаг юм. Энэ салбарт ажиллаж буй хөгжмийн зохиолчид нь ухаан, мэдлэг, авьяас, онолын гүн боловсрол шаардсан нарийн мэргэжлийн хүмүүс байдаг. Сүүлийн жилүүдэд хөгжим, урлаг судлал, шүүмжлэл бараг бүрэн зогсонги байдалд оржээ. Шинэ уран бүтээлийг шинжлэх ухааны үндэстэйгээр үнэлэх, дүгнэх мэргэжлийн систем алдагдсанаас болж сонгодог хөгжмийн зохиолчид шоовдорлогдож байх шиг… За бас дууны шүлэг, яруу найргийн уламжлал бараг орхигдож жирийн л “ЯРИА” мэт бүр зарим нь сонсохын аргагүй гаж болж байна!
Ая агуулгын хувьд ч хоорондоо төстэй, давтагдсан бүтээл олширчээ!!! Өнөө цагийн “шинэлэг” гэх тодотголтой уран бүтээлүүдийн олонх нь урьд өмнө хийгдсэн бүтээлүүдийг давтсан байдаг ч Монголд анх удаа гэсэн сүржин тодотголтой даржин бүтээлүүд байх нь олон!!! Энэ нь урлагийн түүх, уламжлалаа мэдэхгүй, судлахгүй байгаагаас үүдэлтэй эмгэнэл юм даа. Өнгөрсөн үед УГЗ (Урлагийн Гавьяат Зүтгэлтэн) цолыг зөвхөн академик боловсролтой, мэргэжлийн урлагийн хүмүүст олгодог байсан бол одоо энэ нэр хүндтэй цолыг мэргэжлийн сургууль төгсөөгүй, ганц хоёр дуу зохиомор болоод л нам дагасан гүйцэтгэн тоглогч, уран сайханч нар арын хаалгаар авах болжээ. Энэ нь мэргэжлийн уран бүтээлчдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, хойч үеийн уран бүтээлчдийн хөдөлмөрийн үнэ цэнийг бууруулах нэн хортой үйлдэл гэж бодогдох юм.
Эсвэл энэ алдар цолыг бүр больсон нь ч зүйтэй байж мэднэ?!
Өнөөгийн нийгмийн нөхцөлд Хариуцсан яам, Мэргэжлийн театр, Чуулгын удирдлага, Мэргэжлийн сургуулиуд, Хөгжмийн Зохиолчдын Холбоо анхааралдаа авч Төр засгийн зарим нөхдүүдэд ойлгуулан бодлого боловсруулж академик салбартаа анхаарал хандуулахаас гадна рок, поп, язгуур урлаг зэрэг бүх урсгалыг мэргэжлийн түвшинд уялдуулан хөгжүүлэх, чиглүүлэх үүрэгтэй баймаар санагдана. Мөн мэргэжлийн шүүмж, судлалын тогтолцоог сэргээхгүй бол олон сөрөг тогтолцоо ноёлоод эхэллээ!!! “The Hu” хамтлаг, дэлхийн дуурийн дуучин Amartuvshin Enkhbat зэрэг уран бүтээлчид Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй амжилт нь тохиолдлын зүйл биш. Нөр их хөдөлмөр, асар их авьяас чадвар билээ!!! Ийм түвшний уран бүтээлчдэд “Хөдөлмөрийн баатар” болон төрийн хамгийн өндөр шагналыг олгох хэрэгтэй!!! Тэд авах бүрэн үндэслэлтэй!!!
Гэтэл өнөөдрийг хүртэл төрийн бодлого, хандлага үүнийг үл анзаарч жалга довныхоо уран бүтээлчдийг хөөргөн шагнасаар буй нь туйлын харамсалтай гажуудал юм даа! Монголын мэргэжлийн хөгжмийн салбар бол үндэсний оюуны соёлын хамгийн өндөр илэрхийлэл юм. Хөгжмийн зохиолч, судлаач, хормейстер, балетмейстер, дирижёр, концертмейстер, урлагийн мэргэжлийн багш нар бол Монголын урлагийн ноён нурууг түшигч жинхэнэ соён гэгээрүүлэгчид юм. Төр засаг, соёлын бодлого боловсруулагчид эдгээр хүмүүсийн оюуны хөдөлмөрийг бодитоор үнэлж, бодлогоор дэмжихгүйгээр Монголын урлаг дэлхийн түвшинд өрсөлдөх боломжгүй билээ!!! Азаар гарсан хэд нь асар их эрсдэлд орж байдаг билээ?! Харин үнэлэмжээ сэргээж чадвал Монголын урлаг “The Hu”, “Amartuvshin Enkhbat” нарын нэгэн адил дэлхийн тавцанд гэрэлтэх болно!
Эцэст нь хэлэхэд Монголын урлаг, соёл зөв гольдролдоо орж, мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдийн хөдөлмөрийг төр, түмэн үнэн зөвөөр ойлгон үнэлэх өдөр ирнэ гэдэгт итгэж байна! Өөрөөр хэлбэл их урлагийн эрхэм сэхээтнүүд, сурган хүмүүжүүлэгч багш нарын нөр хөдөлмөр бодитоор үнэлэгдэхийн ерөөл өргөе дөө!!! Монгол Улсын оюуны дархлаа болсон хөгжмийн зохиолчдын бүтээл үеийн үед үнэ цэнтэй байх болтугай!!!
| Дарамзагдын Оюун: УГЗ цолыг мэргэжлийн сургууль төгсөөгүй уран сайханч нар авч байна |
2025-10-27 10:54:12
2025-10-27 10:16:01
2025-10-23 15:12:19
2025-10-27 13:47:10
2025-10-27 12:06:17
2025-10-27 11:37:10
2025-10-27 10:54:12
"Говь" хувьцаат компанийн ХХК болох хүсэлтийг цуцаллаа
2025-10-27 10:49:54
Дарамзагдын Оюун: УГЗ цолыг мэргэжлийн сургууль төгсөөгүй уран сайханч нар авч байна
2025-10-27 10:34:45
2025-10-27 10:28:00
2025-10-27 10:20:32
2025-10-27 10:16:01
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна
2025-10-27 07:57:30
Үс засуулвал өнгө зүс сайжирна
2025-10-27 07:56:15