ОХУ-ын ерөнхийлөгч Путин цэргийн албанд бүртгүүлсэн иргэдийн өрийг хөнгөлөх тухай хуульд өнгөрсөн Бямба гаригт гарын үсэг зурлаа.
Энэхүү шийдвэр нь Украинд тулалдах нэмэлт цэрэг татах хүчин чармайлтын нэг хэсэг юм. Ирэх сарын 1-ээс хойш цэрэгт бүртгүүлсэн иргэд нэг жил ба түүнээс дээш хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд 10 сая рубль буюу 96 мянга орчим ам.долларын өрөө хөнгөлүүлнэ. Энэ шийдвэр нь тэдний эхнэр, нөхөрт ч хамаатай аж.
Путины засаг захиргаа хэсэгчилсэн дайчилгаа зарлахын оронд гэрээт цэрэг элсүүлэхийг хичээсээр байна. Тухайлбал, гэрээт цэргийн албан хаагчдад өндөр цалин олгох, цэрэгт элссэн хоригдлуудыг өршөөх зэрэг санал тавьж буй. Түүнчлэн Энэтхэг, Балба зэрэг гадаадын иргэдийг ч армидаа элсүүлж буй гэх мэдээлэл байна.
"Financial times" сонинд Ням гаригт мэдээлснээр Йемений хэдэн зуун хөлсний цэргийг ОХУ фронтод илгээжээ. Тэдэнд анх өндөр цалинтай ажил, Оросын иргэншил санал болгож байж авчирсан боловч эцэст нь албадан цэрэгт татсан байна. 200 орчим йемен хүнийг цэрэгт элсүүлсэн байх магадлалтай. Нэгэн нэрээ нууцалсан йемен цэрэг ярихдаа "Аюулгүй байдал, инженерчлэл зэрэг салбарын цалин сайтай ажилд татагдаж ирсэн. Цэргүүдийн ихэнхийг сургалтад хамруулаагүй" гэжээ. Өөр нэгэн цэргийн хэлснээр тэдэнд 10 мянган ам.долларын урамшуулал болон сар тутмын 2000 ам.долларын цалин амласан байна. Түүнийг есдүгээр сард Москвад ирснийх нь дараа нийслэлээс таван цагийн зайтай газар аваачиж, араб хэлний анхан шатны мэдлэгтэй хүнтэй ярилцуулан, гэрээнд албадан гарын үсэг зуруулжээ. Мөн гарын үсэг зурахаас татгалзсан хүмүүсийн толгой дээгүүр гар буугаар буудаж заналхийлсэн байна.
Персийн булангийн бүсийн шинжээч Фареа аль Муслимигийн хэлснээр Йемений эдийн засаг маш муу байгаа нь Москвад олз болж байгаа аж. Мөн Йеменээс цэрэг элсүүлж буй нь ОХУ Ойрхи Дорнод дахь зэвсэгт бүлэглэлтэй хэр ойр харилцаатай байгааг харуулна гэж үзэж байна.
Путин цэрэгт бүртгүүлсэн иргэдийн өрийг хөнгөлнө |
2025-07-09 09:06:57
2025-07-07 15:32:40
2025-07-07 11:42:22