Путин цөмийн зэвсэг зайлшгүй хэрэглэх нөхцөлөө өргөжүүлэх санал гаргажээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр цөмийн зэвсгийн номлолоо шинэчилж, улс оронд нь уламжлалт зэвсгээр довтолсон тохиолдолд ч цөмийн зэвсэг хэрэглэх санал гаргажээ.

Тухайлбал цөмийн зэвсэгтэй улсын дэмжлэгтэйгээр цөмийн зэвсэггүй улс Оросын газар нутагт уламжлалт зэвсгээр довтолбол цөмийн зэвсгээр хариу довтлох боломжийг албан ёсны бичиг баримтад тусгах санал гаргасан байна.

Энэ нь Өрнөдийн орнууд өөрийн нийлүүлсэн алсын тусгалын зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт хэрэглэх эрхийг Украинд нээж болзошгүй болсонтой холбоотой хариу арга хэмжээ бололтой.

Өөрөөр хэлбэл ингэсэн тохиолдолд Украинд цөмийн зэвсгээр довтлох боломжтойг Өрнөдийнхөнд сануулж байгаа нь тодорхой байна.

Путин өчигдөр Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг нээхдээ энэ саналаа танилцуулжээ.

“Цөмийн зэвсэггүй улс цөмийн зэвсэгтэй улсын дэмжлэгтэйгээр Орос улсад түрэмгийлбэл үүнийг хамтарсан цохилтод тооцдог болохыг би санал болгож байна. Орос улсын цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага нөхцөл тодорхой тогтсон байдаг” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Олон тооны пуужин, нисэх онгоц, нисгэгчгүй онгоц ашиглан нутаг дэвсгэрт нь довтолсон тохиолдлыг цөмийн зэвсэг хэрэглэх шинэ нөхцөл болгох ёстойг тэр нэмж тайлбарлажээ.

Бас өөрийн холбоотон Беларусийг энэ номлолын хүрээнд цөмийн зэвсгээр хамгаалах ёстойг сануулсан байна.

2020 онд шинэчлэгдсэн ОХУ-ын одоогийн цөмийн зэвсгийн номлолд дайсан цөмийн зэвсгээр довтолсон тохиолдолд, эсвэл уламжлалт зэвсгээр Орос улсын оршин тогтнолд аюул учруулсан тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх тухай заасан байдаг.

Харин Путиний дэвшүүлсэн саналаар бол цөмийн зэвсэгтэй улс орнуудын дэмжлэгтэйгээр уламжлалт зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт довтолсон тохиолдолд довтолсон улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхээр болж байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский олон сарын турш АНУ-ын ATACMS, Их Британийн Storm Shadow зэрэг алсын тусгалын зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт ашиглах зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа.

“Орос улсад цөмийн зэвсгээс өөр дэлхийг айлгах юу ч байхгүй болсон. Эдгээр нь ч ажиллахгүй” гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак өчигдөр Путиний санаачилгын хариуд мэдэгджээ.

Орос нь дэлхийн хамгийн олон цөмийн зэвсэгтэй улс юм. Өнөөдөр АНУ, ОХУ хоёр нийлээд дэлхийн нийт цөмийн цэнэгт хошууны 88 хувийг хянаж байна.

 

Эх сурвалж: Reuters


Путин цөмийн зэвсэг зайлшгүй хэрэглэх нөхцөлөө өргөжүүлэх санал гаргажээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ