Өмнөд Солонгосын ерөнхийлөгч зүүн тэнгистээ газрын тос, байгалийн хийн хайгуул явуулах зөвшөөрөл өглөө

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр тус улсын Зүүн Тэнгисийн ёроолд газрын тос, байгалийн хийн хайгуул явуулах төслийг эхлүүлэх болсноо мэдэгджээ.

Судалгаагаар нийслэл Сөүл хотоос зүүн өмнө зүгт 260 км зайтай оршдог Похан хотын ойролцоо Ёнгилын буланд газрын тосны томоохон орд байж болзошгүй нь тогтоогдсон юм.

Хэрвээ эндхийн нөөц батлагдвал энэ нь дэлхийн хамгийн том эрчим хүч импортлогчдын нэг Өмнөд Солонгосын хувьд маш том боломж болох ажээ.

Тус улсын засгийн газар өнгөрсөн онд АНУ-ын Act-Geo компанид захиалга өгсний дагуу тэнгисийн ёроолын нөөцийг судалсан юм.

Тэнгисийн ёроолд 3.5-14 тэрбум баррелийн хэмжээтэй газрын тос, байгалийн хийн нөөц байж магадгүй гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарчээ.

Уг нөөцийн 75 хувь нь байгалийн хий, 25 хувь нь газрын тос гэсэн тооцоо гарсан байна.

“Төслийн нөөц бололцоо маш их бөгөөд туршлага, ноу хаутай дэлхийн томоохон компаниуд оролцох хүсэлтээ илэрхийлж байгаа. Геофизикийн хайгуулын ажил дуусаж, баталгаажсан. Одоо бид өрөмдлөгийн ажлыг эхлүүлж, нөөцийн хэмжээг үнэлэх шаардлагатай байна” гэж тус улсын аж үйлдвэрийн сайд Ан Дук Гюн өчигдөр мэдэгджээ.

Өмнөд Солонгос нь нийт эрчим хүчний хэрэгцээнийхээ 97-98 хувийг импортоор хангадаг.

Хэрвээ Зүүн Тэнгисийн нөөц тогтоогдвол энэ нь онолын хувьд тус улсын хийн хэрэгцээг 29 хүртэл жил, газрын тосны хэрэгцээг дөрөв хүртэл жил хангах юм.

Үүнээс гадна гадаадад эрчим хүч экспортлон орлого олох боломжтой болно.

Нөөцийн үнэлгээг Самсунг Электроникс компанийн зах зээлийн үнэлгээнээс тав дахин өндөр байх тооцоог Өмнөд Солонгосын засгийн газар гаргажээ.

Самсунгийн зах зээлийн үнэлгээ одоо 451.9 их наяд вон ($328 тэрбум) орчим байгаа юм.

“Импортын дундаж үнээр бодоход 14 тэрбум баррель газрын тос, хийн нийт үнэлгээ $1.4 их наяд орчим болно. Гэхдээ энэ тоонд нэг их ач холбогдол өгөх нь зохимжгүй гэж бид үзэж байна” гэж аж үйлдвэрийн яамны төлөөлөгч хэлжээ.

Өмнөд Солонгосын засгийн газар 1966 оноос хойш эрэг дагуу тэнгисийн усанд хайгуулын ажил явуулж байсан ч цөөн хэд нь амжилттай болж байв.

1998 онд Похан орчмын тэнгисийн ёроолоос 45 сая баррель хийн нөөц илрүүлснийг 2004-2021 онуудад олборлож дуусжээ.

Уг нөөц 17 жилийн хугацаанд 1.4 их наяд воны орлогыг засгийн газарт оруулсан байна.

Энэ удаа илэрсэн нөөц усны мандлаас нэг километрийн гүнд байгаа тул төслийн зардал өндөр гарах төлөвтэй байгаа ажээ.

“Нэг цэгийн өрөмдлөгийн зардал $72.6 сая хүрэх ч амжилттай болох баталгаа байхгүй. Гэсэн хэдий ч бид холбогдох яамд, парламенттай хамтран төслийг бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байна” гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Өрөмдлөгийн амжилтын хувийг 20 хувь гэж тооцож байгаа гэнэ.

Энэ нь таван цэг тутмын нэг амжилттай болно гэсэн үг юм.

Өмнөд Солонгосын засгийн газар эхний өрөмдлөгийг энэ оны сүүлээр гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүний үр дүн ирэх оны эхний хагаст гарах юм.

Хэрвээ нөөц тогтоогдож, төсөл цааш үргэлжилбэл 2035 оноос олборлолт эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Yonhap News


Өмнөд Солонгосын ерөнхийлөгч зүүн тэнгистээ газрын тос, байгалийн хийн хайгуул явуулах зөвшөөрөл өглөө
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ