Хамас зэвсэгт байгууллага барьцааны хүмүүсийг суллах хүртэл Газын зурваст гаднаас юу ч оруулахгүйг Израилийн сайд өчигдөр мэдэгджээ.
“Барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх хүртэл гэрэл цахилгаан өгөхгүй, усны цорго нээхгүй, түлшний машин нэвтрэхгүй” гэж тус улсын эрчим хүчний сайд Израиль Кац сошиал хуудсандаа анхааруулан бичсэн байна.
Өнгөрсөн Бямба гарагт Газын зурвасаас Хамасын дайчид Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн халдаж, нийтдээ 20 орчим тосгоны энгийн номхон оршин суугчдыг хядсан юм.
Мөн зуу гаруй иргэнийг барьцаалаад байна.
Энэ нь Израиль улсын сүүлийн 50 жилийн түүхэнд гараагүй цус урсгасан үйл явдал болсон юм.
Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулах зорилгоор Тель-Авив хотод хүрэлцэн очсон байна.
Түүний айлчлалын өмнөхөн АНУ-ын сум хэрэгсэл ачсан эхний нисэх онгоц Израильд газардсан юм.
“Танай улс өөрийгөө хамгаалах хангалттай хүчин чадалтай. Гэхдээ Америк оршин байгаа цагт та бүхэнд ингэх шаардлага байхгүй. Бид үргэлж танай талд байх болно” гэж тэр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай хамтарсан хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Израилийн зэвсэгт хүчин Бямба гарагаас хойш Газын зурвасыг тасралтгүй бөмбөгдөж байна. Пүрэв гарагийн оройн байдлаар Газад амь үрэгдсэн хүний тоо 1,354 хүрчээ.
Газын зурваст орон гэрээсээ дүрвэсэн хүний тоо 24 цагийн дотор 30 хувиар нэмэгдэж, 339,000 хүрснийг Лхагва гарагийн орой НҮБ мэдээлсэн юм. Тэдгээрийн гуравны хоёр нь НҮБ-ын харьяа сургуулиудын байранд толгой хоргодож байгаа ажээ.
Бөмбөгдөлтийн үеэр Хамасын зэвсэгт хүчний командлагч Мохаммед Дэйфийн дүү алагдсаныг Палестины эх сурвалж өчигдөр мэдээлсэн байна.
Газын зурваст байгаа гэрчүүдийн мэдээлснээр орон нутгийн эмнэлгүүд дүүрч, ноцтой тохиолдлоос бусад үед өвчтөн хүлээж авахаа зогсоожээ.
Газын цорын ганц гадаад гарц болох Египетийн хилийн боомт Рафах хаагдаж, үлдсэн цорын ганц эрчим хүчний станц нь түлшгүй болсны улмаас Мягмар гарагт зогссон байна.
Эмнэлгүүд одоогоор бага оврын генераторуудыг ажиллуулж байгаа ч удахгүй бас түлш нь дуусахаар байна.
Эмнэлгүүдийг шарил хадгалах газар болгон хувирахаас өмнө түлш шатахуун Газын зурваст нийлүүлэхийг Улаан Загалмайн нийгэмлэг Израилийн эрх баригчдад уриалсан юм.
Израилийн талд амь үрэгдэгсдийн тоо 1,300 хүрсэн байна.
Газын зурваст явган цэрэг оруулахаар бэлдэж байгаа ч засгийн газар эцсийн тушаалыг өгөлгүй, хүлээлгэж буй тухай Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын айлчлал өнөөдөр Йордан, Палестинаар үргэлжлэх юм. Блинкен энэ үеэр Палестины засаг захиргааны ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзана.
Аббасын тэргүүлдэг Фатах хөдөлгөөн 2007 онд Газын зурвасыг Хамаст алдсан ч Палестины нөгөө нэг хэсэг газар нутаг болох Йордан голын баруун эргийг хянадаг юм.
Аббас одоогоор Хамасын халдлагыг буруутгахын оронд сүүлийн 56 жилийн турш эзлэн түрэмгийлж, хүчирхийлэл үйлдсэн Израиль улсыг энэ үйл явдалд буруутгаж, хилийн чанадад амьдарч байгаа палестинчуудад Израилийн армийн явуулж буй ажиллагааг эсэргүүцэхийг уриалаад байгаа.
Газын зурваст барьцаалагдан очоод байгаа Израилийн иргэдийг чөлөөлөх нь маш хүнд хэцүү асуудал болоод байна.
Хүүхэд, өндөр настнуудаас бүрдсэн барьцааны хүмүүсийн тоог 100-150 орчим гэж Израилийн хэвлэлүүд мэдээлж байгаа. Тэдгээрийг Газын зурвасын олон хэсэгт тараан байрлуулсан байж болзошгүй байна.
Эх сурвалж: The Guardian
Барьцааны хүмүүсийг суллах хүртэл Газын зурваст юу ч нийлүүлэхгүйг Израилийн сайд анхааруулав |
2025-03-14 13:25:42
2025-03-14 11:03:52
2025-03-11 16:53:51
2025-03-14 15:33:40
2025-03-14 15:03:01
2025-03-14 14:51:34
2025-03-14 13:54:29
2025-03-14 13:50:30
2025-03-14 13:25:42
2025-03-14 12:30:49
2025-03-14 11:57:39
2025-03-14 11:50:21
2025-03-14 11:43:33
2025-03-14 11:25:05
2025-03-14 11:11:26
2025-03-14 11:03:52
2025-03-14 10:59:19
2025-03-14 10:49:55
2025-03-14 10:31:01
2025-03-14 10:15:20
2025-03-14 10:14:20
2025-03-14 10:10:52
2025-03-14 09:48:36
2025-03-14 09:43:11