Аллага, хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Шведийн ерөнхий сайд зэвсэгт хүчнээсээ тусламж авна

Сүүлийн үед өсөн нэмэгдэж буй аллага, хүчирхийллийн асуудлыг хэлэлцэх зорилгоор Швед улсын ерөнхий сайд зэвсэгт хүчний командлагчаа уулзалтад дууджээ.

Өнөөдөр буюу Баасан гарагт ерөнхий сайд, зэвсэгт хүчний командлагч, цагдаагийн газрын дарга нар уулзахаар цаг товлосон байна.

Уулзалтыг товлохоос өмнө 12 цагийн дотор тус улсын нийслэл Стокхольм хотын орчимд хэд хэдэн аллага гарсан юм.

Тухайлбал нийслэл хотын гудамжинд хоёр эрэгтэй буудуулж алагдсан бол нийслэлийн хойд талд оршдог дагуул хотод 25 настай эмэгтэй гэрт нь бөмбөг дэлбэрсний улмаас амиа алджээ. Энэ сард нийтдээ 12 хүн бусдад буудуулж алагдсан нь 2019 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн олон тохиолдол болсон юм.

Эдгээрийг гэмт хэргийн бүлэглэлүүд зохион байгуулсан гэж сэжиглэж байна.

“Бид гэмт хэргийн бүлэглэлүүдийн араас мөрдөж, тэднийг устгах болно” гэж Шведийн ерөнхий сайд Улф Кристерссон өчигдөр телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн нь ховор үзэгдэл байлаа.

Зэвсэгт хүчний командлагч Микаел Биден хууль сахиулах зорилгоор цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа өчигдөр орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Шведэд аллага хүчирхийлэл эрчимжсэн нь Foxtrot сүлжээ гэгддэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг дотроо хуваагдаж, хоорондоо тэмцэлдэх болсонтой холбоотой гэж ажиглагчид үзэж байгаа.

Ерөнхий сайд Кристерссон улс орондоо үүсээд буй нөхцөл байдлыг “урьд өмнө тохиолдож байгаагүй”, тэр ч байтугай “Европын аль ч оронд гарч байгаагүй” үзэгдэл гэж тодорхойлжээ.

Өнгөрсөн онд Швед даяар 60 гаруй хүн бусдад буудуулж алагдсан нь тус улсын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Энэ онд дээрх тоо өсөх магадлал өндөр байна.

Аллага хүчирхийлэл нэмэгдсэн нь цагаачдыг нийгэмшүүлэх арга хэмжээ хангалттай хэрэгжихгүй байгаа, иргэдийн дунд баян хоосны ялгаа нэмэгдсэн зэрэгтэй холбоотой гэж Шведийн цагдаагийн байгууллага үзэж байна.

2021 онд гаргасан засгийн газрын тайланд Шведэд жил бүр буудуулж алагдсан хүний тоо сая хүн ам тутамд 4 оногдож байгааг мэдээлжээ.

Харьцуулбал Европ тивийн дундаж 1.6 байгаа юм.

Ерөнхий сайд Кристерссон цаашдаа хяналтын камерын системийг өргөжүүлэх, галт зэвсгийн хуулийг чангатгах, цагаачдыг албадан буцаах эрх мэдлээ нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC


Аллага, хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Шведийн ерөнхий сайд зэвсэгт хүчнээсээ тусламж авна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ